Цагдаагийн албан хаагчийн биед халдаж, үүрч шидсэн бичлэг өчигдөр цахим орчинд тарсан. Тэгвэл цагдаагийн газраас энэ үйл явдалтай холбогдуулан зөрчил гаргасан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээллээ.
Болсон үйл явдлыг эргэн сануулахад, өчигдөр буюу долоодугаар сарын 20-нд 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар орчимд Тоёота Премио маркийн тээврийн хэрэгслийн жолооч “М” нь замын хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргажээ.
Тухайн жолоочийн зөрчилд торгуулийн арга хэмжээ авсан тээврийн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн тул тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц салгаж замаас холдуулах явцад Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэж түүний биед халдсан байна.
Уг үйлдэлд холбогдогч 36 настай эрэгтэй М-ийг саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар БЗДЦГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх /1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.