2018-2020 онд Дулааны цахилгаан станцын өртөг зардлыг бууруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх инновацын ажлын хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжсэн нь үр дүнгээ өгчээ. Тухайлбал, “Хөргөлтийн системийн ажиллагаа ба турбингенераторын тасралтгүй найдвартай ажиллагааг дээшлүүлж, эдийн засгийн хэмнэлттэй горимоор ажиллуулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөргөлтийн усны хатуулгийг бууруулах, тогтсон хаг хусам устгах, эдийн засгийн хэмнэлт гаргах талаар судлан Германы “Steag-system technologies” компанийн “EBSILON” программ ашиглан компьютер тооцоолол хийж, ажлын зураг төсөл гаргасан байна. Туршилт явуулж хөргөлтийн усны тогтворжилтын индексийг ОУ-ын стандартын зөвшөөрөгдөх утгад оруулан хэрэгжүүлснээр турбингенераторын хөргөлтийн системийн усны хатуулаг буурч, хаг хусам үүсэх үйл явц удааширч, хөргөх цамхгийн тоноглолд замаг ихээр тогтох нь багасжээ. Мөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зардлыг бууруулж, эдийн засгийн хэмнэлттэй горимоор ажиллах нөхцөл бүрдсэн байна. Ингэснээр, тус станц нийт 732,8 сая төгрөгийн үр ашигтай ажиллажээ. Мөн “БКЗ-75-39 ФБ маркийн зуухны экономайзерт үнсний элэгдлээс хамгаалах хуяг хийх” төслийн хүрээнд зуухнуудын экономайзерийн I үеийн шугам хоолойн механик элэгдлийг багасгаж, зуухны аваарын зогсолтын тоог бууруулснаар 36,8 сая төгрөг хэмнэсэн бол “Дулааны цахилгаан станцын дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийн схемийн өөрчлөлт” төслөөр 655 сая төгрөг хэмнэсэн байна.