Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн удирдлагууд санаачлан белазын насжилтыг нэмэгдүүлэх, урсгал засварт зогсох цагийг багасгах, үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөний биелэлтэд сайнаар нөлөөлөх зорилгоор оны эхнээс техник үйлчилгээний дөрөвдүгээр бригадыг бий болгон ажиллаж байна. Ингэснээр, оны эхний сард тус хэсгийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гол үзүүлэлт болох техникийн бэлэн байдлын коэффициент 0,93 болж өсжээ. Өмнө нь энэ үзүүлэлт 0,91-ээс дээш гардаггүй байж. БелАЗ үйлдвэрлэгчээс өөрөө буулгагч автомашиныг 250 мот/цаг тутамд төлөвлөгөөт засварт оруулах шаардлага тавьдаг ч тус хамт олон энэ хугацаанд амждаггүй байжээ. Тэд дотоод нөөц бололцоогоо ашиглан засварчин, гагнуурчин, цахилгаанчдаас бүрдсэн есөн хүнтэй шинэ бригадыг туршилтаар байгуулснаар, өнгөрсөн нэгдүгээр сараас төлөвлөгөөт засварыг хугацаандаа хийж эхэлсэн. “Ингэснээр урсгал засварын хугацаа багасаж, ууланд ажиллах машины тоо, рейс нэмэгдэж, хүдэр тээвэрлэх төлөвлөгөөний биелэлтэд ч сайнаар нөлөөлөх төлөв ажиглагдаж байгаа. Үр дүнгээ өгч буй энэ бригадыг үргэлжлүүлэн ажиллуулна” гэж тус хэсгийн дарга С.Гантогоо ярьсан юм.