Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 3 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар гарчээ. Энэ хугацаанд уулын цул гаргалт болон хүдэр олборлолтын төлөвлөгөө хэрхэн биелсэн талаар Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзийгөөс тодрууллаа.
-Сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг та бүхэн гаргалаа. Ямар явцтай байна вэ?
-Бид уламжлал ёсоор үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтээ сарын эхний 10 хоногийн байдлаар тооцоолж гаргалаа. Энэ хугацаанд хөрс хуулалт 106.8 хувиар, хүдэр боловсруулалт төлөвлөснөөс 20.6 мянган тонноор давж, төлөвлөгөө 102.3 хувиар тус тус биеллээ. Харин уулын цул гаргалт 97.4 хувь, хүдэр олборлолт 90.3 хувьтай гарсан. Хүдэр дэх зэсийн агуулга 0.448 хувь, молибден 0.0210 хувь, зэсийн металл авалт 88.14, молибдены металл авалт 57.09 хувийн үзүүлэлттэй байна. Сарын эхний 10 хоногийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийнхэн 22.43 хувийн агуулгатай 16797 тонн зэсийн баяжмал, 50.31 хувийн агуулгатай 317 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэж, ачууллаа. Баяжмалын ачилт хэвийн байна. Тухайлбал, 277 вагон зэсийн баяжмал ачсан нь төлөвлөгөөнөөс 8 вагоноор илүү байна. Молибдены баяжмал 18 вагон ачжээ. Ярианы эхэнд уулын цул гаргалт болон хүдэр олборлолтын төлөвлөгөө биелээгүй тухай хэлсэн. Шалтгаан нь бид 3 дугаар сард 470 мянган тонн исэлдсэн хүдэр олборлохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар, исэлдсэн хүдэр олборлолт хоцрогдолтой байгаа ч энэ сарын 15-наас хойш олборлож, гүйцээхээр ажиллаж байна. Түүнчлэн өнгөрсөн 2 дугаар сард манай үйлдвэрлэлийн процесст эргэлтийн усны нөөцтэй холбоотойгоор бага зэргийн хүндрэл гарсан. Үүний улмаас оны эхнээс хүдэр боловсруулалтын хэмжээ 35 мянган тонноор хоцрогдолтой байгаа. Бид үйлдвэрийн удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 3 дугаар сард багтаан нөхөх буюу оны эхний нэгдүгээр улиралд төлөвлөгөөний биелэлтийг хангахаар ажиллаж байна. Сарын эхний 10 хоногт гэхэд бид хүдэр боловсруулалтыг төлөвлөгөөнөөс 20 мянган тонноор давуулаад байна. Тийм учраас үлдэж буй 20 хоногийн хугацаанд 15 мянган тонн хүдэр нөхөж боловсруулах боломж бүрэн байна.
-Энэ ташрамд дулааны улирал ирж буйтай холбогдуулан хавар, зуны бэлтгэл ажлын талаар тодруулъя. Энэ жилийн хувьд бэлтгэл ажил хэзээ эхлэх вэ?
-Үйлдвэрлэлийн хэлтсийн хариуцдаг ажлын нэг нь үйлдвэрийн хэмжээнд намар, өвөл болон хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг нэгтгэж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахад чиглэдэг. Өнгөрсөн намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 98.9 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ ажлын нэгдсэн тайланг танилцуулахаар бэлтгэж байна. Хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг нэгтгэн, үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр батлуулсан. Тиймээс ирэх 7 хоногоос бэлтгэл ажлын төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ.