Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын гуравдугаар давхрын зааланд засвар орж, орчин үеийн стандарт шаардлага хангасан дөрвөн давхарга бүхий царс модон шалтай болжээ. Ийм шалтай зааланд АНУ-ын сагсан бөмбөгийн одод болох бидний нэрлэж заншсанаар “NBA”-гийн тамирчид тоглодгийг спорт сонирхогчид мэднэ. Царс модон шалны дор 20х20 см тутамд байрлах зөөлөн хөхөнцөр нь тамирчин дээшээ үсрэхэд түлхэх дэм үзүүлдгээрээ амжилтад нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд үздэг. Харин буухад зөөллөж, аюулгүй байдлыг бүрэн хангадаг онцлогтой. Мөн царс модны үндсэн өнгөн дээр сагс, волейбол зэрэг спорт тоглоомын шугамууд хийсэн нь сонирхолтой, заалыг илүү цэлгэр харагдуулж байгааг тамирчид онцоллоо. 30 жилийн чанарын баталгаатай царс модон шалтай заал Эрдэнэтэд анхных нь бол улсын хэмжээнд тав дахь нь болж байна. Одоогоор Спорт цогцолборын их заалны засвар 95 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд энэ сарын 25-нд ашиглалтад оруулахаар шамдаж байна.