Ган бөөрөнцгийн цехийн хамт олон цехийнхээ түүхт 25 жилийн ойг тохиолдуулан 25 бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэд хамтран ажилладаг Бүрэнбүст багийнхаа 5-р сургуулийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд өнгөрсөн долоо хоногт амны хаалт, гар ариутгагч бүхий 60 багц хүргүүлснээ тус сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Дараа нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхүүдэд тусламжийн гараа сунгасан байна. Улсын хэмжээнд Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдсээр байгаа энэ хүнд үед хамт олноороо сайн үйлсийн аянд нэгдэж, хайр түгээж байгаа Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн ажилчдад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн тамгын газар, 5-р сургуулийн удирдлагууд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.