“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс Худалдаа хөгжлийн банкинд удаа дараа санал тавьж, зөвшилцсөний үр дүнд уурхайчдад олгох орон сууцны болон цалингийн зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид Худалдаа хөгжлийн банкнаас 30 сар хүртэлх цалингийн зээлийг 1.1-1.0 хувийн хүүтэй авах боломж олгосон бол Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг үнийн дүнгийн 20 хувь хүртэл байхаар бууруулж, 1-20 жилийн хугацаанд 1.0 хувийн хүүтэй төлөх нөхцөл бүрдүүлэв. Түүнээс гадна тус банк Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад ипотекийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг санхүүжилт хүлээлгэлгүй олгож эхэлжээ. Харин автомашины зээлийн дээд хэмжээг 100 сая төгрөгөөр олгож, 30 сарын хугацаанд, сарын 1.5 хувийн хүүтэй төлөх шинэчлэлийг хийсэн байна. Мөн ирээдүйдээ хөрөнгө оруулан хуримтлалтай болох боломжийг хангах үүднээс уурхайчдад бүх төрлийн хадгаламж болон цалингаасаа тогтмол давтамжтайгаар хуримтлалын дансандаа орлого төвлөрүүлэх хосолсон үйлчилгээг мөн санал болголоо.