Эрдэнэт үйлдвэрийн Төв штаб хуралдаж, үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг зангидаж, эрчимжүүлэх зорилготой Дэд штаб байгуулахаар шийдвэрлэв. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах үеэрээ, Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор баталсан тус үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулсан. Ингэснээр үйлдвэрийн хамт олны өмнө 1200 шинэ ажлын байр бүхий дөрвөн том төсөл хэрэгжүүлэх зорилт эхэлж байна. Энэ ажилд Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээр ахлуулсан Төв штаб гол анхаарлаа хандуулж, 2021 оны дөрөв дэх удаагийн хурлын үйл ажиллагааг үүнд чиглүүлэв. Тухайлбал, Үйлдвэр технологийн паркийн чиглэлээр хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн нарийвчилсан төлөвлөгөө, хуваарийг шинэчлэн батлах, ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн одоо хийгдэж буй төслүүдийн явц, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжилтнүүд санал солилцож, ярилцсан байна.
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, сүүлийн хоёр жилд корона вирусын үеийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх, өсгөх нэгдсэн хөтөлбөр боловсруулан, Төв штабын зохион байгуулалттай ажиллаж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд уурхайчид болон тэдний гэр бүлийг цар тахлаас хамгаалах, амьдрал ахуй, санхүүгийн байдлыг тогтворжуулах бодлого баримталж, цар тахлын үе болон дараах үед эдийн засгийг сэргээхэд Төв штабын үйл ажиллагаа чиглэж байна.