“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлж байгаагийн нэг нь соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор юм. Бидний хэлж заншсанаар Бөхийн өргөөний барилгын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цех гүйцэтгэж байна. Өнөөдөр барилгын талбай дээр барилга угсралт, засал чимэглэл, сантехник, цахилгаан, металл хийцийн таван бригадын 80 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 42 хувийн гүйцэтгэлтэй явна. Эрдэнэт хотын “Найрамдал” өндөрлөгийн зүүн урд сүндэрлэж буй дөрвөн давхар уг цогцолбор 2000 хүний суудалтай байхаар төлөвлөгдсөн. Мөн давхрууддаа үүдэн болон үзвэрийн танхим, үзэсгэлэн, бэлтгэлийн өрөө, албан тасалгаа, цайны газар, буудал, техникийн болон ариун цэврийн өрөөнүүд гэсэн зохион байгуулалттай байх юм. Одоогоор ханын шавардлага, шалны ус тусгаарлалт, дээврийн металл хийцийн угсралтын ажил хийгдэж байна.
Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборыг барих ажилд Эрдэнэт үйлдвэр 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.