Онцгой байдлын албаны ажилчдын орон сууцны барилгын ажил 2016 оноос эхэлсэн ч одоог хүртэл ашиглалтад ороогүй, захиалагчид нь хохирсоор байгаа асуудлаар иргэд мэдээлэл хийлээ.
Орон сууц захиалсан иргэдийн төлөөлөл "ОБЕГ-ын Амгалан дахь салбар ангийн хашаанд ажилчдын орон сууц барих ажил 2016 онд эхэлсэн. Нийт 512 айлын орон сууц бөгөөд бараг 90 хувьд нь урьдчилсан захиалга авчихсан.
Ер нь удаашралтай байсан барилгын ажил нь 2019 оны намраас хойш бүрэн зогсчихоод байгаа. Энэ хугацаанд гүйцэтгэгч компани нь солигдоод 2017 оноос хойш хариуцаж байгаа компанийн захирал БНХАУ-ын иргэн коронавируст халдварын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсад орж ирж чадахгүй байна гээд ажил нь явдаггүй.
Монгол талаас хариуцаж байгаа хүнтэй нь холбогдохоор захирал ирж байж шийдвэр гарна гэх тайлбар өгч байгаа. Нөгөө захирал нь болохоор хил давж чадахгүй байна.
2017 оны зургаадугаар сард ашиглалтад орох байсан байр ингэж гацаад 100 хувь төлбөрөө хийсэн би гэхэд 4 дэх жилдээ хохироод явж байгаа" хэмээн ярилаа.
Орон сууцны барилгад нийт 512 айл орохоор төлөвлөгдсөнөөс 40 хувь онцгой байдлын алба хаагчид бол 60 хувь нь гаднаас иргэд худалдан авч болохоор төлөвлөгдсөнийг захиалагчид нь хэлж байв.
Онцгой байдлын албан хаагчдаас гадна захиалга өгсөн иргэдийн хувьд ОБЕГ-т мөн хандсан ч "Гүйцэтгэгч компанийнх нь төлөөлөл удахгүй ирнэ" гэдгээс өөр дорвитой хариу өгөхгүй байгаа ажээ. Түүнчлэн барилгын ажлыг түргэсгэхээр Хотын захиргаа, Ерөнхий сайдад ч өргөдөл өгч байснаа захиалагчид хэллээ.