“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүдийн дунд ХАБЭА-н хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх болон ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх зорилгоор “ХАБЭА ба үйлдвэрлэлийн орчны гоо зүй-2021” сарын аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд зохион байгуулсан, сайжруулсан ажлын үр дүнг баримтжуулан, долоо хоног бүр ХАБЭА-н хэлтсийн ажилтнууд тухайн цехийн зохион байгуулсан ажлын явц байдлыг дүгнэж шалгаруулсан юм.
“ХАБЭА ба үйлдвэрлэлийн орчны гоо зүй-2021” аяныг 5 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд хэрэгжүүлж, шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа.
4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус сарын аяны тэргүүн байрыг Баяжуулах үйлдвэр, удаах байрыг Барилга засварын цех, гуравдугаар байрыг Ус хангамжийн цехийн хамт олон эзэллээ. Шилдгээр шалгарсан цехүүдэд “Ковид-19” вирусын тархалтаас хамгаалах зорилго бүхий ариутгалын бодис, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, нүдний шил зэргийг гардуулан өгсөн юм. “ХАБЭА ба үйлдвэрлэлийн орчны гоо зүй-2021” сарын аяныг ажлын байрны гэрэлтүүлгийг сайжруулах, ажлын байрны агааржуулалтыг сайжруулах, халаалт, өрөөний бичил цаг уурын нөхцөлийг сайжруулах, үерийн усны суваг, хоолойд тавих хяналтыг сайжруулах, ахуйн зориулалттай өрөөний эмх цэгцийг сайжруулах болон барилга байгууламж, гаднах талбайн өнгө үзэмжийг сайжруулах гэсэн үндсэн 5 шалгуураар дүгнэж шилдгүүдийг ийнхүү тодрууллаа.