Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 5 дугаар сарын 5-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тогтоол гаргаж, паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үйлдвэрийнхэнд гардуулсан юм. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдын А/99 тоот тушаал гарч, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Зам тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамдын төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг нь Эрдэнэт хотод Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийн явцад хяналт тавих чиг үүрэгтэй. Мөн төсөл хэрэгжүүлэх арга механизмыг тодорхойлох, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Засгийн газар болон яамдуудад бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг уламжлах, уялдаа холбоотой ажиллах боломжийг бүрдүүлж ажиллах юм.
Өнөөдөр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт гурван өдөр ажиллахаар ирсэн байна. Энэ хугацаанд үйлдвэрийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүд болон удирдлагатай уулзаж, ажлын төлөвлөгөө гаргах, мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө өгөх юм. Ажлын хэсгийнхнийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нар хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, зорилтын талаар танилцуулав.
Энэ үеэр тус ажлын хэсгийг ахалж буй Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудал ганцхан энэ жилээс яригдаж, Засгийн газраас тогтоол гарсан ажил биш. Энэ асуудал 2018 оноос эхтэй. Бид Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулан ажиллаж эхэлсэн. Дараа нь 2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын талаар цаашид авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолоор уул уурхайн металлурги цогцолбор байгуулах судалгааг эхлэх үүргийг Эрдэнэт үйлдвэрт өгсөн юм. Энэ дагуу тус үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд бүтэн жилийн хугацаанд хийсэн. Дээрх ажлуудын гурван жилийн үр дүнд Засгийн газар, Эрдэнэт хотод Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар шийдвэрлэсэн. Үйлдвэрлэл, технологийн парк нь төрийн өмчит үйлдвэрийн газруудаас гадна хувийн хэвшлийн үйлдвэрүүд болон хөрөнгө оруулагчдыг татан оруулах зорилготой. Одоогийн байдлаар, энэ паркийг 1400 га талбайд байгуулж, дэд бүтцээр хангаж өгөхөөр төлөвлөж байна. Эхний ээлжинд таван үйлдвэр 200 га талбайд баригдана. Үлдсэн 1200 га талбайд гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдын үйлдвэр баригдах боломжтой. Ингэснээр Эрдэнэт хот цаашид аж үйлдвэржсэн хотын төлвөөр хөгжинө. Аж үйлдвэрийн төвлөрөл бий болсноор Эрдэнэт хот цаашид урт удаан хугацаанд оршин хөгжих үүд хаалга нээгдэнэ. Үйлдвэр технологийн паркийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрт хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн баталгааг хангаж өгөх хоёр том зорилтыг хэрэгжүүлнэ” гэж паркийн төслийн үйл явц, нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар онцоллоо.