Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй хүний нөөцийн цогц хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадвар”-ын багийн оролцогчид өнөөдөр ээлжит сургалтад хамрагдлаа. Энэ удаагийн сургалт нь “EQ” буюу сэтгэл хөдлөлөө удирдах нь, “AQ” буюу бэрхшээлийг даван туулах чадвар сэдвийн хүрээнд болов. Сургалтад “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ын анхан шатны 72 удирдах ажилтнууд оролцжээ.
“Дэлхийн эдийн засгийн форумаас 2020 онд тодорхойлсон хөдөлмөрийн зах зээлийн хамгийн шаардлагатай 10 ур чадварт Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар тодорхойлогдсон байдаг. Хүн сэтгэл хөдлөлөө зөв ойлгож мэдэх, улмаар удирдаж сурах нь хувь хүний төдийгүй байгууллага, орон нутаг, хот улс орны хэмжээнд асар их эерэг өөрчлөлтийг авчирдаг. Мөн түүнчлэн AQ буюу бэрхшээлийг даван туулах чадвараа хөгжүүлснээр аливаад хандах хандлага, тэсвэр хатуужил, хүнлэг сэтгэлийг өвлүүлдэг. Тиймээс сүүлийн үед ажил олгогч нар ажилтнаа мэргэжлийн ур чадвараас түрүүнд зөөлөн ур чадвар буюу хувь хүний мөн чанарыг таньж мэдэх хандлага давамгайлж байна” гэж сургалтын хэрэгцээ, ач холбогдлын талаар сургагч багш, “Глобал талент менежмент” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мэндбаяр онцолсон.
Сургалтын явцад хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд анхан шатны удирдлагуудын ур чадварыг оновчтой тодорхойлох, үнэлэх, хөгжүүлэх зорилготойгоор “Ур чадварын матриц” боловсруулан хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд чадамжид суурилсан хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг ажилтан бүр боловсруулах чадвар эзэмших юм.
Хөтөлбөрийн хувь хүний чадамжид суурилсан хөгжлийн сургалтуудыг Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, “Глобал талент менежмент” компанитай хамтран зохион байгуулж буй аж.