Даваа гариг тутамд хуралддаг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөн уламжлал ёсоор хуралдаж, цаг үеийн асуудалд анхаарал хандууллаа. “Ковид-19” цар тахлын халдвар нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан хариу арга хэмжээний онцгой үр дүнтэй санал санаачилга гаргаж, хэрэгжүүлэхийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүтцийн нэгжийн удирдлагуудад уриалав. Өөрөөр хэлбэл, хамгийн оновчтой, зөв зохион байгуулалттай, бусдад жишиг болохуйц “Эрдэнэт” загвар боловсруулан, цар тахлаас хамгаалж ажиллахыг чиглэл болгов. Энэ асуудалд бүх цех нэгж, газар хэлтсийн дарга нар өндөр ач холбогдол өгч, сэтгэл зүтгэлтэй ажиллаж гэмээнэ уурхайчид, үйлдвэрээ аюулаас хамгаалах болно гэдгийг тэрээр шуурхай зөвлөгөөний үеэр тусгайлан анхаарууллаа.
Түүнчлэн удирдлагуудын мэдээлэлд дурьдагдсан зарим тулгамдаж буй асуудал, бүтээн байгуулалт, төлөвлөгөөт засварын ажилтай холбоотой хүндрэл бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх, цаг алдалгүй хийж гүйцэтгэх үүрэг даалгаврыг ажил хариуцагчдад өглөө. Тухайлбал, шийдлээ хүлээн удааширч буй “Эрдэнэт” соёл, спортын барилгын дээврийг гүйцэтгэх ажлын хүч, ган бөөрөнцгийн бэлдэц нийлүүлэлт зэрэг асуудлыг нэг мөр болгон, яаралтай ажил хэрэг болгохыг даалгав.
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Сарын эхний 20 хоногийн байдлаас харахад, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүд 6 дугаар сард болон оны эхний хагас жилд 100-аас дээш хувиар давж биелэх боломж бүрдсэн гэдгийг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээлэв. Үйлдвэрийн хэмжээнд хавар, зунд бэлтгэх 282 ажил төлөвлөснөөс 70 гаруй хувь нь биелсэн байна. “Их зогсолт”-ын бэлтгэл хангагдаж, шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материалын нийлүүлэлт 28 хувийн биелэлттэй байгааг Механикийн хэлтсээс онцолсон.
Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 4370 буюу 65.3 хувь нь хэвийн горимд ажиллаж, 786 ажилтан гэрийн тусгаарлалт, хөл хорионы дэглэмд байгааг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар мэдээлэлдээ дурьдав. Өнгөрсөн долоо хоногт олон улсын хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 стандарт нэвтрүүлэх ажил эхэлж, чадамжийн стандарт тодорхойлох ажил 1406 ажлын байранд хийгдээд буйг газрын дарга О.Отгонбаяр мэдээллээ. Нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн нэг болох “Уурхайчин-1” орон сууцыг ирэх сард ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж буй аж. Түүнчлэн үйлдвэрийн харьяаны нийгмийн цехүүд аймгийн Онцгой комисс, Ерөнхий захирлын тушаал хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөр зохицуулалтын горимд ажиллаж буй болон орон нутагт баяр наадмын үйл ажиллагааг цуцалсантай холбоотойгоор наадмын бэлтгэлд гарсан ажилтнуудыг ажилд нь оруулах чиглэл баримталж буйг Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр танилцууллаа. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан ХАБЭА-н хэлтсийн орлогч Б.Баттайван, урьдчилсан хамгаалтдаа орсон ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр нарт баяр хүргэж, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрдэмтэд олноор төрөх нь чухал ач холбогдолтой болохыг тодотгосон юм.