Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Уул уурхай-Металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл технологийн парк байгуулан хөгжүүлэх болсонтой холбогдуулан тус үйлдвэрийн газрын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль энэ жилээс металлурги, металлын технологи мэргэжлээр шинэ элсэлт авч байна. Энэхүү мэргэжлийн сургалт Уралын их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрөөр явагдах юм. Өөрөөр хэлбэл оюутнууд хоёр жил Монголд, хоёр жил ОХУ-д суралцан хос дипломтой төгсөнө. Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, физик, химийн хичээлээр өгөх бөгөөд босго оноо нь хоёр хичээлийн нэг нь 400, нөгөө нь 480-аас дээш байх бөгөөд ЭЕШ-ын онооноос хамаарч 100 хувь хүртэл төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх юм. Түүнээс гадна Засгийн газрын болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мөн тус сургууль мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтандаа ч металлурги, ашигт малтмалын чиглэлийн сургалт оруулахаар төлөвлөжээ.