Манай сайтын сурвалжлах баг энэ удаагийн ярилцлагын буландаа УДЭТ–ын СТУДИ ангийн залуу жүжигчин, “IDOL ENTERTAINMENT”–ын уран бүтээлч И.Дашнамжилыг урьж ярилцлаа. Нийгэмд болж бүтэхгүй олон асуудал тулгарч байгаа энэ үед зорилгынхоо төлөө тууштай зүтгэж буй залуу уран бүтээлчийн үзэл бодол шингэсэн эерэг ярилцлагыг хүлээн авна уу.
–Юуны түрүүнд манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?
–Намайг Идэржавхлангийн Дашнамжил гэдэг. Би 2016 онд СУИС–д жүжигчин мэргэжлээр МУГЗ, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар багшийн удирдлаган доор элсэж, 2020 онд төгссөн. Улмаар УДЭТ–ын сонгон шалгаруулалтад орж “Студи” ангийн залуу уран бүтээлч болон ажиллаж байна. Мөн саяхнаас мэргэжил нэгт найзуудтайгаа хамтарч “Idol entertainment”–ийг үүсгэн байгуулсан байгаа.
УДЭТ–д ямар шалгуураар ордог вэ? Хүссэн болгон нь тэр бүрчлэн ордоггүй байх гэж бодож байна.
–Тэгэлгүй яах вэ. Жүжигчний мэргэжлээр сурч буй оюутан залуучуудын туйлын зорилго нь театрын уран бүтээлч болох байдаг. Театрт жүжигчин хүн задардаг, мөн маш их хөгждөг. Би арван жилийн сурагч байхдаа анх театрт “Тэнгэрийн хүү”, “Ромео Жульетта” зэрэг жүжгүүдийг үзээд л театрын жүжигчин болох хүсэл тэмүүлэл маань бадарч байсан юм. Ингээд л СУИС–ийг дүүргэн театрт ажиллаж байна. Хүсэл мөрөөдөл маань эхнээсээ биелээд явж байгаа болохоор бүх сэтгэл зүрхээ гаргаж ажиллахыг зорьж байна. УДЭТ–т орохын тулд мэргэжлийн ур чадварын шалгалтуудыг өгдөг. Тус шалгалт нь маш өрсөлдөөнтэй байдаг учраас жаахан эмээж байсан ч тэнцсэндээ тун баяртай байдаг. Үүнээс үүдэн өөртөө итгэх итгэл төрж эхэлсэн гэж хэлж болно.
–Аливаа жүжигт дүр бүтээхдээ алдартай, том жүжигчидтэй хамтран ажиллах ямар байдаг талаараа ярихгүй юу? Сурах зүйл их байдаг байх.
–Оюутан байх цагаасаа эхлэн театрын жүжигт олны хэсэг буюу массын дүрд тоглодог байлаа. Арван жилд байхаасаа хүссэн хүсэл маань биелж урлагийн алтан тайзан дээр туршлагатай, хүндэлж явдаг уран бүтээлчидтэйгээ хамт гарна гэдэг үгээр хэлэхийн аргагүй гайхалтай. Ингээд театрт ажилласнаар тэр олон мундаг жүжигчидтэй ах дүүс болон урлагийн тогоонд хамт чанагдаж эхэлсэн. Тэдгээр хүмүүсийн тайзан дээр гаргах үйлдэл, биеэ авч яваа байдал нь ямар ч танхимын хичээлээс илүүтэй зүйлийг сургаж байдаг даа. Залуу хүн болохоор мэдэхгүй чадахгүй асуудлууд тулгарна. Тэр болгонд театрын ахмад уран бүтээлчид маань залуурдаад л аваад явчихдаг. Мөн аливаа мэргэжилд ёс зүйн асуудал их чухал. Энэ бүхнийг ах эгч нар маань үгээрээ, үйлдлээрээ үргэлж таниулж байдаг нь сайхан.
ТЕАТРЫН УРЛАГ БОЛ НИЙГМИЙН "ТОЛЬ”
–Мэргэжилийнхээ үнэ цэнийн талаар юу гэж боддог вэ?
–Дүр дээр ажиллана гэдэг жүжигчнээс тун нарийн мэдрэмж шаарддагийг сурч байх хугацаандаа ойлгосон. Аливаа дүрийг бүтээхэд сэтгэл зүй чухал. Ялангуяа залуу хүний хувьд амьдарч байх хугацаандаа мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг сэтгэлдээ буулгаж, үзэгчдэд хүргэнэ гэдэг тун ярвигтай.
Манай мэргэжлийн үнэ цэнэ бол хүн төрөлхтөнд байж болох сайн муу бүхий л зан авир, бодол сэтгэхүй, үйлдлийг таниулах зорилготой. Хүнд өөрөөсөө ч нуудаг адгийн авир, өөрөө ч мэдэлгүй ухамсаргүйгээр үйлддэг болчимгүй үйлдэл гээд олон зүйл бий шүү дээ. Энэ бүхнийг үзэгчдэд таниулж нийгэмд зөв гэгдэх хэм хэмжээрүү хөтлөн явах үүрэгтэй мэргэжил юм. Өөрөөр хэлбэл театрын урлаг гэдэг нийгмийн толь юм.
–Мэргэжлээр сурч байх үе, төгсөөд мэргэжилтнүүдийнхээ дунд ороод ажиллахад тэс өөр байдаг шүү дээ. Ямар хэцүү мэргэжил вэ гээд шантрах үе байв уу?
–Оюутан байх цагаасаа эхлээд мэргэжлийнхээ зах зухаас мэдэрчихсэн байсан. Ямар их хичээл зүтгэл, цаг хугацааг зарцуулж байж энэ мэргэжилдээ эзэн болж чадна гэдгээ ойлгосон гэсэн үг. Хүн дуртай зүйлээ хийж байгаа цагт шантрах асуудлыг хойш тавьдаг юм билээ. Хүүхэд байхаасаа хүссэн зүйлээ хийж буй болохоор надад цааргалж хойш суух шалтаг гарч ирээгүй гэхэд болно. Ялангуяа театрын жүжигчин гэх статустай байгаа цагт өөртөө тавих шалгуураа өдөр өдрөөр нэмж хичээх нь чухал гэж боддог.
ЦАГ ЗАРЦУУЖ ХИЙЖ БАЙГАА Л БОЛ ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ БАЙХААР ЗОРИХ ХЭРЭГТЭЙ
–Мэргэжлийнхээ талаар сайхан бүхнийг ярилаа шүү дээ. Хэцүү зүйл нь юу байдаг вэ?
–Залуу уран бүтээлчдэд дэмжлэг юун түрүүн чухал. Хамгийн эхлээд хөрөнгө мөнгө шаардагдана. Яахав авъяастай, чадвартай залуучууд ивээн тэтгэгтэй болоод явчихдаг ч тэр бүрчлэн боломж олдох нь тааруу. Өөрсдөөсөө хөрөнгө мөнгөө гаргаж, найз нөхөд, гэр бүл гээд хувийн амьдралаа хойш тавин зүтгэх шаардлагатай болно. Энэ нь жаахан хүндрэлтэй ч би нэгэнт энэ замыг сонгочихсон учраас алхах л хэрэгтэй болно. Ер нь цаг зарцуулж хийж байгаа л бол хамгийн шилдэг нь байхаар зорих хэрэгтэй шүү дээ.
ХҮСЭХ Л ЮМ БОЛ БИДЭНД ҮРГЭЛЖ БОЛОМЖ БАЙДАГ
–Хэцүү санагдсан үедээ юунаас урам авдаг вэ?
–Би их өөдрөг үзэлтэй бүхнийг болно, бүтнэ гэж хардаг хүн. Хүн хүсэх л юм бол бидэнд үргэлж боломж байдаг. Тиймдээ ч урам авах зүйлс надад маш их шүү. Харин маш хэцүү санагдсан үедээ юунаас урам авдаг вэ гэхээр жаахан түүх ярих хэрэгтэй болж байна.
Би хүүхэд байхаасаа найзалсан маш сайн найзтай байсан юм. Бидний хүсэл зорилго нэг зүйл рүү чиглэдэг байлаа. Найз маань миний гэр бүлийн гишүүн шиг л тийм дотно хүн байсан даа. Тэр их сайхан дуулдаг, харин би шүлэг яруу найрагт сонирхолтой хүү байсан юм. Мэргэжлээ сонгох үеэр тэр найз маань СУИС–д дуурийн дуулаачийн ангид, би өөрөө жүжигчний мэргэжлээр сурах зорилго тавьцгаасан. Ингээд бидний зорьсон зорилго биелж бид амжилттай сурсан л даа. Гэвч гуравдугаар курсад ордог жил тэр найз маань өөд болчихсон юм. Амьдралын салшгүй нэгээхэн хэсэг болсон найзыгаа би алдсандаа…
Хорвоо дээр байхгүй найзынхаа хүсэл мөрөөдлийг өөрийнхөө мөрөөдөлтэй эн зэрэгцүүлэн биелүүлэхээр хичээнэ гэж өөртөө амласан учраас маш хэцүү санагдсан үедээ урам зориг орчихдог.
Мөн өөд болсон эмээгийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээхээс өөр сонголт надад байхгүй. Тиймдээ сайн найз болон эмээгийнхээ хүсч мөрөөдсөн шиг гайхалтай уран бүтээлч, “САЙН ХҮН” байхыг хичээдэг.
–Залуу хүний хувьд Монголын урлагийн хөгжил ямар түвшинд байна гэж хардаг вэ?
–Интернетийн хөгжлийн эрин үед бид дэлхийн хаана юу болж байгааг цаг алдалгүй мэдэх боломжтой болсон. Манай улсын хувьд чадварлаг уран бүтээлчид тоо томшгүй. Гэсэн ч тэднийг төрөөс дэмжих дэмжлэг их муу санагддаг. Мөн уран бүтээлчдийн гадаад хэлний боловсрол дутмаг учраас гадаадын орнуудтай өрсөлдөхүйц кино уран бүтээл туурвихад саад болдог. Үнэндээ гадаадын орнуудын урлагийн хөгжлийн хажууд манай улсын урлагийн хөгжил тээр доор түвшинд явж байгаа. Мөн уран бүтээлчид маань гадны бүтээлүүдийг хуулж, дуурайж тэдэн шиг сэтгэх гэж хичээж байгаа нь хөрсөн дээрээ буудаггүй. Аливаа орны урлаг тухайн үндэстнийхээ соёл, сэтгэлгээг тусгасан байдаг шүү дээ.
Бид өөрсдөө түүх соёлтой хүмүүс. Өөрсдийнхөө зүйл дээр суурилж бүтээлчээр хөдөлмөрлөвөл хөгжих зам бидэнд ойрхон байгаа гэж бодож байна.
–Таны хувьд ангийнхаа багшийг их л хүндэлдэг гэж сонсож байсан юм байна. Мэргэжилдээ дурлахад нь багш нь тодорхой нөлөө үзүүлсэн байх?
–Багш бидний юу бодож юу сэтгэж байгааг нэвт шувт л харчихдаг. Тэр хүн бидний үзэл бодлыг няцааж байгаагүй, үргэлж хүлээн зөвшөөрч, дэмжиж өгдөг. Багшийн заасан хичээл, хэлсэн үг болгон амьдралын туршид сэтгэлд үлдэх хэмжээний үнэ цэнийг агуулсан байдаг. Тийм хүнийг хүндлэхгүй, хайрлахгүй байхын аргагүй.
-Idol entertainment-ийн талаар танилцуулахгүй юу? Ямар бүрэлдэхүүнтэй, ямар зорилготой ажиллаж байна.
–Хөл хорионы улмаас гэртээ дэмий байгаад байх нь утгагүй санагдсан учраас ангийнхаа хүүхдүүдтэй нийлж Idol entertainment-ийг байгуулсан. Энэхүү баг маань найман хүний бүрэлдэхүүнтэй. Найруулагч жүжигчид, зураглаач, эвлүүлэгч, бүжигчдийн нэгдлээс бүрдсэн байгаа. Хийж буй богино хэмжээний видео контентуудаа дөнгөж эхэлж байгаа болохоор юуны түрүүнд бидэнд хандалт чухал байгаа. Видео контентууд маань “НӨГӨӨ ХОЁР БАС НЭГ” гэсэн нэртэйгээр цацагдаж байгаа. Өнөөгийн нийгэмд аль болох хөнгөн хийгээд эерэг контентуудыг үзэгчид хүсэмжилж байгаа учраас бид аль болох мэргэжлийн түвшинд, эерэг хандлагыг түгээсэн бүтээл гаргахаар зорьж ажиллана. Одоогоор бид “ХОРИГДСОН ХОСУУД” гэх контент дээр ажиллаж байгаа юм. Мөн бүжгийн видео хийж үзэгч олондоо хүргэдэг ээ.
–Сошиалд контент хийдэг залуучууд их болсон байна. Танай контент юугаараа онцлог вэ?
–Бидний онцлог гэвэл бүгдээрээ мэргэжлийн залуучууд байгаа. Хийж буй бүтээлийнхээ зохиол найруулгыг тойрч сууж байгаад л бичиж ярилцдаг. Тиймээс дахин давташгүй санаанууд гарна аа л гэсэн үг. Гол нь бид маш ёс зүйтэй байх хэрэгтэй. Биднийг хүүхдүүдээс эхлээд ахмадууд үзэж байгаа шүү дээ. Тиймээс хариуцлагатай байх л чухал. Мөн цаашлаад бид кино уран бүтээл дээр ажиллахаар зорьж байгаа юм. Зорилго маань улам томроод л явах байх гэж бодож байна.
НИЙГЭМ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН Ч ХЭТЭРХИЙ “ЗАДГАЙ” БАЙХ НЬ ТОМ АСУУДАЛ
–Цахим ертөнцөөр нийгэмд буруу үлгэр дуурайлал болсон асуудлууд их гарч байна. Уран бүтээлийн гараагаа эхлүүлээд явж байгаа хүний хувьд эдгээр асуудлуудад ямар байр суурьтай ханддаг вэ?
Ёс зүйгүй, нийгмийг цочроосон асуудлуудад олны танил хүмүүс орооцолдож байгаа нь нэг талдаа эмгэнэлтэй. Үүнээс миний хувьд, алдар нэрийг олж авахад хичнээн хэцүү билээ. Харин дээрээс доош унах зам маш хурдан байдаг юм байна. Ухаангүй хийсэн нэг үйлдэл, хэлсэн нэг үг хүний олон жилийн хөдөлмөрийг юу ч үгүй нурааж болдгийг харж байна. Тиймээс ийм асуудалд өөрөө унахгүйн тулд анхаарах хэрэгтэй гэж л бодож байна даа. Нийгэм чөлөөтэй болсон ч хэтэрхий задгай байх нь том асуудал болж байна.
–Нууц биш бол ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?
Би найруулагч болох хүсэлтэй. Ингэхийн тулд маш олон жилийн хичээл зүтгэл хэрэгтэй болно. Эхлээд жүжигний ур чадвараа хөгжүүлэхээр зорьсон байгаа.
Бид Солонгос кино үзэхээр нэг онцлогийг, Итали кино үзэхэд бас нэг онцлогийг хардаг шүү дээ. Үүний адил Монгол кино үзэхээр мэдрэгдэх онцлогийг, өөрөөр хэлбэл дэгийг бүтээнэ гэж боддог. Би зорилгодоо заавал хүрнэ. Надад эргэлзэх зүйл байхгүй.
–Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье
–Баярлалаа.