Улаанбаатар-Анталия чиглэл рүү нисэж байсан "Аэро Монголиа" компанийн онгоц ОХУ-ын Челябинск хотод шатахуун сумлахаар газардсан үед агаарын хөлөгт нь гэмтэл учирсны улмаас тус 131 зорчигч ОХУ-д саатжээ.
Тэгвэл Челябинск хотод саатсан зорчигчдыг Туркийн Анталия хот руу тээвэрлэхээр өнөөдөр буюу долоодугаар сарын 20-ны 15:00 цагт Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” ОУНБ-аас МИАТ хувьцаат компанийн чартер онгоц хөөрлөө.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан "Аэро Монголиа" компани өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдэгдэл гаргаад буй юм. Мэдэгдэлд,
"Аэромонголиа ХХК нь жуулчин тээвэрлэгч байгууллагуудын хүсэлтийн дагуу 2021 оны долоодугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар-Анталия чиглэлд захиалгат нислэг үйлдсэн бөгөөд уг нислэгийг гүйцэтгэх зорилгоор хуваарьт цагийн дагуу ОХУ-ын Челябинск хотын нисэх буудалд газардсан.
Гэрээт газрын үйлчилгээний газар нь шатахуун сумлахын өмнө буруутай үйл ажиллагаа гаргаж, манай агаарын хөлөгт гэмтэл учруулаад байна.
Агаарын хөлөгт учирсан гэмтлийг олон улсын түвшинд яаралтай шинжилгээ хийгдэх хугацаа нь 3-5 өдөр зарцуулагдах тул бид яаралтай арга хэмжээг авч, саатсан 131 зорчигчийг Челябинск нисэх буудлын ойролцоох зочид буудалд байрлуулсан.
Мөн 2021 оны долоодугаар сарын 20-ний өдөр МИАТ хувьцаат компанийн чартер нислэгээр ОХУ-ын Челябинск хотод саатсан зорчигчдыг цааш Анталия руу тээвэрлэхээр 15:00 цагт Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөөд байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ташаа мэдээлэл нь бидний зүгээс өгсөн албан ёсны мэдээлэл биш бөгөөд бидний зүгээс зорчигч үйлчлүүлэгчдээ хохироолгүйгээр хурдан арга хэмжээ авч асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдал хэдий бидний үйл ажиллагаанаас шалтгаалаагүй ч зорчигч та бүхнээс хүлцэл өчиж байна.
Манай авиа компанийн зүгээс цагийн зөрүү, хөл хорио гэх хүндрэлүүд үүсэж байгаа хэдий ч нислэг үйлдвэрлэлийн зөвшөөрөл, зорчигчдын аяллыг хэвийн үргэлжлүүлэхээр ИНЕГ, ЭСЯ-тай холбогдох дүрэм журмын дагуу хамтран ажиллаж байна" гэжээ.