Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтын тов, инфляцын нөхцөл байдал болон Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн дельта хувилбартай холбоотой асуудлуудыг хэлэлцжээ. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлож, зарлалаа.
Тодруулбал элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахаар тогтсон гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрээр "Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган сурагч бүртгүүлсэн байсан. Хэрэв ЭЕШ-ыг хугацаанд нь зохион байгуулсан бол 40 мянган хүүхдээс 10 мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадахгүй байх эрсдэл бодитоор нүүрлэсэн байв. Тэдний олонх нь хөдөөнөөс аймгийн төв рүү орж, шалгалтаа өгөх ёстой. Мөн тухайн үед 2400 орчим хүүхэд өвдсөн байв. ЭЕШ-аар ажиллах багш нар вакцинд бүрэн хамрагдаагүй байсан тул багш нарыг эрсдэлд оруулахыг хүсээгүй.
Эрдэмтэд хэрэв шалгалтыг хойшлуулаагүй бол 40 мянган хүүхдээс 12 мянга нь халдвар авах эрсдэлтэй гэсэн тооцоо гаргасан. Учир нь тухайн үед хүүхдүүд, ээж аавууд эхний тунгаа хийлгээд байв. Гэвч одоо ч дельта вирусийн эрсдэл байсаар байна.
Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авна. Улсын шалгалтын оноог ЭЕШ-ын оноод тооцуулах хүсэлтийг олон эцэг эх тавьсан. Гэвч энэ жил энэ хүсэлтийг биелүүлэх боломжгүй байв" гэв.
Наймдугаар сарын 19-н гэхэд хүүхдүүд дархлаажуулалтын хоёр дахь тундаа бүрэн хамрагдаж дуусах учир энэхүү өдрийг товлосон гэдгийг салбарын сайд хэллээ. Өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаад байна.
Тодруулбал 12-17 насны 135.225 хүүхдээс 1-р тунд 55.796 нь хамрагдсан ба үүнээс 12-15 насны 36.454 /36 хувь/, 16-17 насны 19.342 /57.1 хувь/ хүүхэд тус тус хамрагджээ.