Бүх нийтийн амралтын өдрүүдэд /07.09-19/ Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймэр, үер усны болон зам тээврийн нийт 72 удаагийн дуудлагад ажиллаж, 149 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Харин дээрх аюулт үзэгдэл, дуудлагын улмаас усны ослоор 29 хүн, зам тээврийн ослоор 2 хүн амь насаа алдсан байна.
Тодруулбал, Архангай аймагт 1, Баян-Өлгий аймагт 1, Баянхонгор аймагт 3, Булган аймагт 2, Говьсүмбэр аймагт 1, Дархан-Уул аймагт 1, Дундговь аймагт 4, Сэлэнгэ аймагт 4, Төв аймагт 2, Хэнтий аймагт 4, нийслэлийн Баянзүрх дүүрэгт 1, Налайх дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 хүн, нийт 29 хүн үүнээс 6 хүүхэд усны ослоор энджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2 иргэн зам тээврийн ослоор нас барж, гал түймрийн улмаас 1 иргэн түлэгдэж гэмтсэн.
Мөн ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас Архангай аймгийн Батцэнгэл суманд 5 гэр, 2 автомашин, 1 мотоцикль, 4438 мал, Ихтамир суманд 1 гэр, 381 мал, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 2, Бүрд суманд 2, Хайрхандулаан суманд 1 гэр, Бат-Өлзий суманд 4 өрх айлын 208 мал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 2, Хэнтий аймгийн Мөрөн суманд 2, Өмнөдэлгэр суманд 1, Хэрлэн суманд 4 гэр, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 29 гэр, 13 байшингийн дээвэр хүчтэй салхи шуурганд нурж, уруйн үерт урссан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.