Зуны амралт, зугаалга үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд замын осолд өртөх, усанд осолдох, төөрч алга болох гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирэх нь буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр гэр бүлийнхэнтэйгээ зугаалж явсан 11 настай хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Сонгины амралтын гүүр” гэдэг газар гэр бүлийнхэнтэйгээ зугаалж явсан 1 хүүхэд “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:49 цагт очиж, тус дүүргийн 12 дугаар хороо “Шинэ модон гүүр” гэдэг газар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат М /11 настай, эмэгтэй/-ийн цогцос “Туул” голын усанд модонд тээглэсэн байсныг мөн өдрийн 15:57 цагт гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.