Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтэд “Цэнхэр үст Цэрэн” гэсэн нэрээр танигдсан Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсандаа “талийгаач бэр Н.Байгалмаа нь Э гэх хүнтэй хамт байж байгаад шатсан, энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөхдөө худал мэдээлэл өгч ард иргэдийг хуурсан” гэсэн асуудлыг гаргасан.
Харин ЦЕГ-аас зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд энэхүү мэдээлэл нь ташаа гэсэн тайлбарыг өгсөн байна.
Хэргийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа "Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Монгол гэр шатаж, дотор нь байсан иргэн Н.Байгалмаа нас барсан хэрэг гарсан. Энэ хэрэгт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Прокурор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс эхлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Дээрх хэргийн тухайд мөн адил мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын хяналтад байгаа, мөрдөн шалгах ажиллагаа одоо явж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар гэр шатах үед талийгаач нь гэртээ ганцаараа байсан нөхцөл байдал тогтоогдсон.
- Нэгдүгээрт, иргэн Э.Цэрэндолгороос энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг авсан.
- Хоёрдугаарт, гал гарсан шалтгаан, нөхцлийг тогтоох шинжилгээг хуулийн дагуу хийж байгаа.
Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгагдаж дуусаагүй байгаа хэргийн явц, үр дүнгийн талаар нийтэд мэдэгдэх нь хуулиар хязгаарлагдсан.
Нэмж хэлэхэд иргэд маань олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо зөв илэрхийлж, үнэн бодитой мэдээллийг нийтэд түгээж байгаасай гэж хүсэж байна. Ялангуяа олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс иргэдэд буруу ташаа ойлголт, сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээ, мэдээлэл түгээж нийгмийг талцуулж болохгүй" гэлээ.