Есдүгээр сарын 1-нд хичээл танхимаар эхлэх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Тэгвэл энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын тухай хуульд сургуулийн намрын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэвч КОВИД-19-ийн нөхцөл байдал хэрхэхийг хэлэхэд хэцүү байна.
Одоогоор
- 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь,
- ерөнхий боловсролын сургуулийн 40,000 гаруй багшийн 80 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг аваад байна.
Иймд бид хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хичээн ажиллаж байна. Гэхдээ Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана.
Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид ковидтой дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа" гэв.