Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумийн Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар 12 хүн зугаалж байснаас нэг хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон.
Орон нутгийн Онцгой байдлын алба энэ тухай дуудлагыг долоодугаар сарын 12-ны 16:15 цагт хүлээн авчээ. Эрэн хайх ажиллагааг 16-ны өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан юм.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 19-ний өдрийн 18:45 цагт “Бага түргэний хүрээ гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усан дотор чулуунд тээглэж тогтсон нэг хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэнээс хүлээн авчээ.
Уг цогцос нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д/35 настай эрэгтэй/-ийнх байх магадлалтай байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсэг, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 22:00 цагт хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.