Зуны амралт, зугаалгын цагт иргэд хорхог, боодог гэх мэт шарж хуурсан хоол, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ нь нойр булчирхайн хурц үрэвсэл үүсэх хамгийн том шалтгаан болж байна. Энэ талаар УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ч.Мөнхцэцэгийн зөвлөгөөг хүргэе.
Нойр булчирхайн үрэвсэл гэж юу вэ?
–Цөсний чулуу эсвэл архины хэрэглээ, хоол боловсруулалт, өөх тостой шарсан хуурсан зүйл их хэмжээгээр хэрэглэх нь нойр булчирхайн хурц үрэвсэл үүсгэдэг. Эдгээр шалтгааны улмаас нойр булчирхайн ферментийн идэвхжилт үүсээд өөрөө өөрийгөө гэмтээдэг. Үүнийг бид нойр булчирхайн хурц үрэвсэл гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл архи, тамхи хэрэглэх, өөх, тостой хурц хоол идэх, үүний дараа хүйтэн юм уух зэрэг нь нойр булчирхайн хурц үрэвсэлд хүргэдэг.
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хэвлий хэсгээр огцом хүчтэй өвддөг. Нуруу руу дамжиж өвдөх тохиолдол ч бас байдаг. Хэвлийгээ дараад эвхэрнэ. Энэ өвдөлтөөсөө болоод бөөлждөг. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал эмнэлгийн байгууллагад хандаж, оношлуулах шаардлагатай.
Нойр булчирхайн үрэвсэл нь хөнгөн, дунд, хүнд гэсэн хэлбэртэй байдаг. Хөнгөн байсан ч гэрээр эмчилнэ гэсэн ойлголт байхгүй. Хөнгөн болон дунд үеийг дотрын энгийн тасагт эмчилнэ. Тиймээс нойр булчирхай мөн эсэхийг мэдэхийн тулд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Цөсний чулуу, нойр булчирхайн эмгэг, ходоодны шарх гэх мэт хэвлий хэсгээр өвддөг эмгэг олон байдаг. Тиймээс эмнэлгийн байгууллагад хандаж, оношлуулах хэрэгтэй. Өөрийн дураар эм, тан ууж болохгүй.
Урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Эрүүл хооллохыг хичээж, шарсан хуурсан хүнд хоол, архи согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй бол энэ өвчнөөр өвдөхгүй байх бүрэн боломжтой. Хамгийн чухал нь өөх, өөх тостой хоол идсэний дараа хүйтэн ус, хийжүүлсэн ундаа ууж болохгүй.
Нойр булчирхайн хурц үрэвсэл нь үхлийн аюултай өвчин. Энэ өвчнөөр оношлогдсон нийт тохиолдлын 30 хувь нь нас бардаг гэсэн судалгаа байдаг.
УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасгаар 60 орчим хүн ирэхэд үүний 80 хувь нь нойр булчирхайн үрэвсэл өвчний шинж тэмдэгтэй хүн ирж байна. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч эрүүл, зөв хооллохыг зөвлөе.