Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн өчигдөр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Алтан, Э.Сүрэн нарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.
Мөн прокуророос Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг, Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байна. Харин Ш.Батхүүг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 23.22 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3, 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нийт 8 жил хорих ял оногдуулсан.
Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн байна. Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эдгээр шүүгдэгчдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.