Монгол улсын консерваторийн эзэмшлийн талбайд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэж, тус сургуулийн багш ажилчид жагсаал хийж байгаа. Үүнтэй холбогдуулан МУК-ийн газрыг хамгаалах түр хороо БШУ-ы сайдтай уулзлаа.
Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “УИХ-д өргөн барьсан Боловсролын хуульд консерваторийн хууль эрх зүйн орчныг сайжруулах мэдээллүүдийг өгөөд хоёр талаасаа ойлголцож, тодорхой шийдэлд хүрлээ.
Консерваторийн эзэмшлийн нийт 2,6 га газрын таван хувь хүрэхгүй газар дээр Боловсролын үнэлгээний төв, боловсролын хүрээлэн, боловсролын мэдээллийн төвийг барих улсын төсөвт суулгасан хөрөнгө оруулалтынхаа төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн юм.
Жагсаалд оролцсон хүмүүс бидний төлөөлөл биш байна. Төгсөгч нарын нэрээр энэ сургуульд ажилладаггүй хүмүүс зохион байгуулалттай үйл ажиллагаа хийгээд байна гэж багш нар хэлж байна. Энэ сургуулийн нийт 170 орчим багш байгаа. Энэ долоо хоногт багтаж консерваторийн нийт багш, ажилчидтай уулзаж, консерваторийг хотхоны хүрээнд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр танилцуулна гэж бодож байна” гэлээ.
Мөн энэ үеэр элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сард багтааж зохион байгуулж, хичээлийн жилийг хуулийн дагуу есдүгээр сарын нэгэнд нээхийн төлөө хичээж ажиллана гэдгээ хэлсэн юм.
Одоогийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байгаа. Харин ЕБС-ийн 40 мянга орчим багш нарын 80 орчим хувь нь хоёр дахь тунгаа хийлгэж байна.