Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчдын нэгээс халдвар илэрсэн байна. Тэрээр тамирчдын тосгонд байрлаж байсан, Японд ирэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гэсэн хариу гарчээ. Түүнийг 14 хоног тусгаарлана.
Наадмыг зохион байгуулагчид тамирчдын тосгон хамгийн аюулгүй газар байна хэмээн амласан юм.
Одоогоор олимпийн наадмыг зохион байгуулахад оролцож буй гадаад дотоодын 40 орчим хүнээс халдвар илрээд байгаа ч яг тамирчдын байрлаж буй гол хотхонд халдвар бүртгэгдээгүй байсан юм. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио 2020” олимпын наадмын ихэнх тэмцээн уралдаан үзэгчгүй зохион байгуулагдахаар болсон. Нийт хүн амынх нь 20 орчим хувь нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан Япон улсын хувьд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт ихэсч, дахин хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото “Энэ мэдээг сонсоод Японд ирэх тамирчид айж сандарсан байх. Би тэднийг ойлгож байна. Ийм учраас л бид Токиод хатуу хөл хорио тогтоосон. Халдвар тархахаас сэргийлсэн бүх алхмыг авна. Халдвар авсан зохион байгуулагчтай холбоотой бүх мэдээллийг тодруулна” гэж мэдэгджээ.
Токио хотын хөл хорио ирэх сарын 22-нд дуусна. Харин олимп энэ сарын 23-нд эхэлж, ирэх сарын 8-нд дуусна. Олимпын наадамд оролцох тамирчдаас өдөр бүр шинжилгээ авах юм.