Гадаадаас ирэх иргэдээс нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээ авна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамнаас болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 10 хоног тусгаарлах, эсвэл нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь давтан шинжилгээ авах зэргээр хил, гаалийн хяналтыг сайжруулах саналыг гаргасан.
Тус саналыг холбогдох албаныхан хэлэлцээд хилийн чанадаас ирж байгаа иргэдэд тавигдах шаардлагыг хэвээр үлдээсэн. Харин вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээнд хамруулж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах шийдвэрийг гаргажээ.
Дэлхийн 111 улсад коронавирусын “дельта” хувилбар идэвхтэй тархаж байна. Энэ хувилбар нь өмнөх хувилбаруудаас 60 хувиар илүү хурдан халдварладаг, амархан хүндэрдэг, вакцины нөлөөг 20-30 хувь бууруулдаг зэрэг хоруу шинж чанартай нь нотлогдсон. Тиймээс тархалтын хурдыг сааруулах, эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор олон улс оронд тодорхой хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг тогтоож байна.