ЭМЯ-наас мэдээлж буйгаар цар тахлын тархалтын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд тодорхой хэмжээгээр буурч байна. Нийт шинжилгээний 26 хувьд халдвар илэрч байсан бол сүүлийн өдрүүдэд энэ үзүүлэлт 7 хувиар буурсан. Хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо тодорхой хэмжээгээр буурсан нь эмчилгээний тактик зөв явагдаж байгааг илтгэнэ гэж ЭМ-ийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Мөн дархлаажуулалтын үр дүн гарч байна. 16-17 насны хүүхдүүд халдвар авах нь 16 хувь байсан бол 8 хувь болж буурсан. Харин вакцинд хамрагдаагүй буюу 5-11 насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгдэж байна гэсэн судалгааг ЭМЯ-наас танилцуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртсөн бөгөөд дэлхийн дундаж үзүүлэлт 8 хувьтай буй юм.
Гэхдээ иргэд тайвшрах болоогүй. Мутацид орсон дельта вирусийн халдвар дэлхий 111 улсад тархаад буй учир иргэд халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн барих шаардлагатай. Дельта вирусийн халдвар вакцины үр нөлөөг 20-30 хувиар бууруулж байна гэсэн судалгааг ЭМЯ, УОК-иос танилцуулсан байна.
Монгол Улсад нийт халдварын 90 хувьд нь альфа хувилбарын коронавирус тархжээ. Монгол Улсад дельта вирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн ч тусгаарлан эмчилсэн бөгөөд дотоодод халдвар тархаагүй байна.