Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ардын хувьсгалын 100 жилийн ой бол XX зуунд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа баталгаажуулж, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн олж авсан тэмцлийн жилүүдийн баталгаа юм.
Тухайлбал, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар харийн эрхшээл ноёрхлоос ангижран тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн бол 1990 оны хувьсгал нь 1911, 1921 оны хувьсгалаар тавигдаж, хэрэгжиж байсан үндсэн бодлого, гаднын нөлөөллийн улмаас тасарсан завсрын гажуудлыг засаж, улс орноо хүн төрөлхтний нийтлэг гольдролоор хөгжүүлэх, ардчилсан нийгэм байгуулах замд эргэлт буцалтгүй оруулсан юм.
Тэгвэл Үндэсний музейд ардчилсан хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан түр үзэсгэлэнгийн танхим нээгдсэн байна. Үзэсгэлэнгээс 1911 оны үндэсний эрх чөлөөний, 1921 оны үндэсний ардчилсан, 1990 оны ардчилсан хувьсгалуудын үнэ цэнэ, залгамж холбоог илэрхийлэх 60 гаруй архивын баримт материал, баримтат кино, гэрэл зураг 130 гаруй үзмэр эд өлгийн зүйлсийг нийтэд дэлгэн үзүүлж байна. Тухайлбал Богд хааны мутрын тэмдэг, Монголын хувьсгалчид ЗОУ-аас тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог, Монгол ардын намын тамга, 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиуд, БНМАУ-ын ардын их хурлын тамга, УИХ-ын модон алх, дөш, 1971 онд гаргаж байсан Сүхбаатарын хөшөөний загвар, Ардын засгийн газрын анхны мөнгөн тэмдэгтүүд гээд тухайн цаг үед хэрэглэгдэж байсан олон үнэт үзмэрүүдийг нэг дороос харах боломжтой.
Э.Нандинэцэцг
Гэрэл зургийг Д.Занданбат