Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд Токио 2020 зуны олимпын наадамд түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болжээ.
Түрүүлсэн тамирчдын медалийг өндөр албан тушаалтан зүүж өгдөг уламжлалыг эвдсэн энэхүү өөрчлөлтийг өчигдөр Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах зарлалаа. Тэрээр “Медалийг тамирчдын хүзүүнд зүүж өгөхгүй. Медалийг тавиур дээрээс тамирчид өөрсдөө гардаж авна. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн анх байрлуулах тул тамирчид халдвараас бүрэн сэргийлэгдэх юм” гэж Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр тайлбарлажээ.
Мөн медаль гардуулах ёслолын үеэр гар барих, тэврэх үйлдлүүдийг хориглолоо.
Өмнө нь ОУОХ медаль гардуулах ёслолд оролцогчид амны хаалт зүүх журам танилцуулж байсан бол энэ удаа журмаа улам чангалсан байна.
Мөн медаль гардуулах үеэр хөгжөөн дэмжигчдийн уухай, алга ташилтын чимээг танхимд дуугаргахаар болжээ. Ийм дуу чимээг өмнөх олимпын наадмын бичлэгнээс ашиглах юм байна.
Токио 2020 зуны олимпын наадам долдугаар сарын 23-нд онц байдлын дэглэмд байгаа Япон улсын нийслэлд эхэлнэ.