-Монгол Улсын Консерватори ашиглалтын хугацаа нь дууссан барилгад 36 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна-
Монгол улсын консерваторийн багш, ажилчид тус сургуулийн хашаанд Боловсролын Үнэлгээний төвийн барилга барих гэж байгааг эсэргүүцэж 8 дахь өдрөө суулт хийж байна. Тус сургуулийн дотуур байр, концертын танхим 1985 онд актлагдсан ч одоог хүртэл засварлаагүй байгаа юм. 36 жилийн турш ашиглалтын хугацаа нь дууссан барилгад үйл ажиллагаа явуулж байхад барилгыг засварлаж, шинэчлэхийн оронд өөр байгууллагын барилга барих гэж байгаад бухимдалтай байгаагаа тус сургуулийн багш нар илэрхийллээ.
Сургуулийн газраа хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч, УЗ-ийн гишүүн, гавьяат багш Б.Зориг:
Боловсролын үнэлгээний төв гээд хоёрхон цонхтой байгууллага барихын төлөө улсдаа ганц байдаг хөгжмийн сургуулийн хашааг дээрэмдэж байгааг эсэргүүцэж байна. “Чоно борооноор” гэгчээр багш, ажилчдыг амарсан үеэр хэнд ч мэдэгдэлгүйгээр хашаа босгож, барилга барих гэж байна. Бид үүнийг эсэргүүцэж найм дахь өдрөө суулт хийж байгаа.
Хийл хөгжмийн багш Д.Галбадрах:
Анхнаасаа бүх зүйл нь тодорхойгүй байсан. Бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Манай сургуулийн талбайд барилга барих гэж байгаа бол бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Гэтэл зөвхөн захирлын гарын үсгээр шийдсэн байсан. Хуулиар бол энэ захирлын эрх, үүргээс хэтэрсэн зүйл. Боловсролын сайд болон холбогдох албаны хүмүүст энэ сарын 9-нд бичиг хүргүүлсэн. Наадмын олон хоногийн амралт эхэлсэн болохоор одоохондоо хариу ирээгүй байна. Хэрэв барилга барихаа зогсоохгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно.