Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааны эхний тайлангийн үр дүнг үндэслэн агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1,938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га, нийт 2,688 га талбайд тэмцлийн ажил явагдаж байна.
Ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарласан ба гүйцэтгэгчээр “Сайхан ойн төлөө” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийн гүйцэтгэж байгаа аж.
Судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газруудад навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавжууд болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжууд илэрчээ.
Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг бөгөөд Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар