Австрали улсад 2021 он гарснаас хойш ковидийн хүндрэлээр нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж ВВС мэдээллээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр гэр бүлийн гишүүнээсээ халдвар аваад эмчлүүлж байсан 90 орчим насны эмэгтэй ийнхүү ковидийн хүндрэлээр энджээ.
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид өнөөдөр 77 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 52-ыг нь эмнэлэгт эмчилж байгаа аж.
Мужийн төв Сидней хотод хөл хорио тогтоосон. Ковидийн дельта мутацыг дарахын тулд ийнхүү тэмцэж байгаа. Шинээр бүртгэгдсэн нас баралт нь тус мужийн 57 дахь, сүүлийн арван сард бүртгэгдсэн анхны нас баралт болжээ.
Даваа гарагаас эхлэн тус муж дахь халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг мужийн захирагч Гладис Бережиклиан хэлсэн.
Сидней хотын 5 сая оршин суугчдын хөл хорио өнгөрсөн баасан гарагт цуцлагдах байсан ч халдварын нөхцөл хүндэрсэн тул долоодугаар сарын 16 хүртэл сунгасан байна.
Австрали улсын хэмжээнд одоогоор 31 мянган хүн ковидийн халдвар авч 911 хүн нас барсан. Тус улсын хүн амын ердөө 10 хувь нь вакциндаа хамрагдсан ба Pfizer вакцины хангамж муу байгаа тул дархлаажуулалт удааширчээ.