Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг гурван жилийн өмнө Сүхбаатар аймагт Монголын голлох хийдүүдийн лам нар цугларч НОМУН хаан цолоор өргөмжилсөн.
Харин 6-р сарын сүүлээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга асан суудлаасаа буухын өмнө Д.Чойжамцыг НОМУН хаан хэмээн батламжилжээ. Батламж гардуулах ёслол болж, батламжийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гардуулсан байна. Ёслолд Төв аймгийн засаг дарга, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал нарын хүмүүс оролцжээ.
Номун хаан гэдэг нь номын хаан гэсэн утга агуулгатай, НОМУН хаан нь аг тарнийн номонд гаршсан эрдэмтэй хүн байх ёстой учраас их лам нараас шилж шигшиж залсан хэмээн эх сурвалж тайлбарлалаа.
Д.Чойжамцыг НОМУН хаанаар өргөмжлөх болсон шалтгаан нь Жавзундамба хутагтын аравдугаар дүр буюу БОГД хаанаа Төвөдөөс болон бусад улс орноос үл хамааран шийдэж, суудалд нь залахад оршино гэв. Учир нь НОМУН хаан Богд хааны 10-р дүрийг хэн нэгнээс зөвшөөрөл хүсэлгүй ӨӨРӨӨ батламжилж шийдэх юм байна.
Түүх сануулахад Монголын үе үеийн Богд хааныг Төвөдөөс шийдэж, зөвшөөрч ирсэн ба Төвөдтэй харилцах Монголын харилцаанд Хятадын тал тааламжгүй байдаг юм. Тиймдээ ч Монголд Далай ламыг залах зэрэг асуудал нь улс төр, геополитик, дипломат харилцааны олон асуудлыг хөнддөг байв.
Энэ асуудлыг Гандантэгчинлэн хийд, улс төрийн хүрээнд ихэд нууцалж байгаа бөгөөд цаг нь ирэхээр мэдээлэл өгнө гэв.