Баяр наадмын өдрүүдэд гэр бүлийнхэндээ эсвэл зөвхөн өөртөө зориулаад гар доорх материал ашиглан амттай хоол, салат туршиж үзэхийг санал болгож байна. Гэртээ, хөдөө хаана ч байлаа гэсэн баярын хуушууртай хамт идэж болох салатны жорууд болон хүйтэн ундаа хийх аргачлалыг багцлан хүргэж байна.
Нимбэгтэй загас
Шинэхэн загасан дээр оливийн тос асгаад ягаан чулуун давс цацна. Дээр нь нимбэгний шүүс цацаад зүсэм нимбэг, базилик, сармис тавина. Хүсвэл ногоо нэмж тавьж болно. Дараа нь 180 °C-т 40 минут жигнээрэй.
Овъёостой нарийн боов
Овъёосыг тараг, түүхий өндөгтэй холиод нэг цайны халбага газрын самрын тос, зөгийн бал нэмээд 180°C-т 30 минут жигнэнэ.
Авокадо, хүрэн манжингийн салат
Талхан дээр авокадоны талыг нарийн савхан зүсэж тавина. Дээр нь шоо дөрвөлжин хэрчиж шарсан хүрэн манжингаа тавиад “ууталж” чанасан өндөг, ногоон сонгино эсвэл салатны навчаар чимэглээрэй.
Үйрмэг шоколадтай жигнэмэг
2 гадилыг овъёостой холиод дээр нь үйрмэг шоколад асгаж 180 °C-т 15 минут жигнэнэ.
Томатны соустай гахайн махтай шош
Шош беконоо оливын тосонд шараад, дараа нь томатны соус, хар перец, давсаа нэмнэ. Хольцоо хэдэн минут жигнэнэ.
Туна болон бууцайтай паста
Эхлээд гоймонгоо чанана. Хайруулын тавган дээр бууцайгаа гэсгээгээд туна болон цөцгийгөө нэмнэ. Бүгдээрэнг нь хэдэн минут жигнээд перец давсаар амталж гоймонтойгоо холино.
Мөөгний шанзтай нарийн махан хуурга
Гоймонгоо усанд буцалгана. Гоймон буцлах хооронд том хайруулын тавгаа халаагаад зүссэн мөөг болон сонгиноо хоёр хоолны халбага цөцгийн тосонд зөөлөн гал дээр шарна. 5 минут зөөлөртөл нь болгоод өөр саванд хийнэ. Саяны хайруулын тавгандаа үлдсэн цөцгийн тосоо хийнэ. Шанзаа улаан болтол нь шарна. Гурил нэмж хутгаад үхрийн шөлөө нэмж өтгөртөл нь хутгана. Дээрээс нь сонгинотой мөөгөө нэмж холиод зөөхийтэй хутгана. Давс болон перецээр амтлаарай. Буцалгалгүйгээр бүгдийг халаах хэрэгтэй. Гоймонгоо таваглаад мөөгтэй махны соусаа асгана.
Хатагтай салат
Тахианы цээж махаа 20 минут орчим буцалгаж болгоод хөргөнө. Өргөст хэмжээ дунд зэргийн дөрвөлжин хэрчинэ. Яншуйгаа жижиглэж хэрчинэ. Тахианы махаа дөрвөлжин хэрчинэ. Салат зуурах савандаа мах, өргөст хэмх, яншуй, ногоон вандуйгаа хийнэ. Зөөхий, давсаар амтлаад сайтар хутгана.
Утлагатай хиамтай амтат салад
Лууван, бяслагаа үрүүлээр үрж жижиглэнэ. Хиамаа нарийхан урт хэрчээд лууван, бяслаг, эрдэнэшиш, сармисаа саванд хийж майонезоор амтална. Давс, перецээр амтална.
Харин одоо та бүхэнд аагим зуны халуунийг сэрүүцүүлэх гэрийн нөхцөлд хийж болох ундааны жорыг хүргэе.
Жүржийн фанта хийх арга
Орц: 8 ширхэг апельсин (хальсийг нь ашиглана)
4 ширхэг лимон (шүүс болон доторхи зөөлөн эдийг нь ашиглана)
Элсэн чихэр – 2 кг, ус
Хийх арга: Апельсины хальсаа усанд хийж буцалгаад, 24 цаг байлгаарай. Дараа нь хальсаа гаргаж аваад, махны машинд хийж машиндах хэрэгтэй. Машиндсаны дараа гарч ирсэн шүүсийг мөн буцалгаад, 24 цаг байлгана. Дараагаар нь хальсны хэсгүүдийг авч хаяад, шүүсэн дээр нь 2 кг элсэн чихрээ нэмж, лимоны шүүсээ нэмнэ шүү. Бэлэн болсон шүүсээ хийжүүлсэн устай найруулна. Ингээд мөстэй холиод сайн сэгсэрч байгаад уугаарай.
Нэрсний лимонад хийх арга
Орц: 6 ширхэг лимон, 2 стакан ус, 1 стакан элсэн чихэр, ½ стакан нэрс, 2 стакан мөс
Хийх арга: 4 лимоныхоо хальсийг нь авч, шүүсийг нь шахаж бэлдэнэ Дараа нь том саванд хоёр стакан ус хийж, дээрээс нь элсэн чихрээ хийгээрэй. Мөн лимоны хальс болон шүүсийг нь нэмж өгөөд сайтар хутгах хэрэгтэй. Түүний дараа блендерээр юмуу халбагаар нэрсээ бяцлаад, дээрхи хольц дээрээ нэмж өгнө. Бэлэн болсон бэлдэцээ хөргөгчинд хийгээрэй. Хүйтэн ундаагаа стаканд аягалаад, лимоны навчаар чимэглэж болно шүү.
Гадил жимсний смүүти хийх арга
Орц: 1 ширхэг банан
100 грамм нэрс
½ стакан тараг юмуу хүйтэн сүү
Бэлтгэх арга: Дээрхи бүгдийг блендерт хийж холиод, аягалж уугаарай. Хэрэв тас хүйтнийг уухыг хүсвэл мөс нэмж болно.
Таны хоолны жоронд бага ч гэсэн нэмэр болсон гэж найдаж байна. Иргэд та бүхэн халдвар хамгааллийн дэглэмээ баримталж амтат хоол, салат хийж идэн өдрийг ая тухтай өнгөрүүлээрэй.