Түлэгдэлтийг хүмүүс зүгээр л өнгөц харагдах байдлаар нь арьс шархалсан гэж ойлгоод байдаг. Гэтэл зөвхөн арьсны шархлалт биш.
Арьс гэдэг хамгаалах, халуун дулааныг зохицуулах, хөлс шингэнийг тохируулах, гоо сайхны талаасаа ч тэр маш олон үүрэг, үйл ажиллагаатай хамгийн том эрхтэн. Арьс гэмтэж түлэгдвэл гэмтсэн арьсаар дамжин уураг, шингэн алдагдаж сорви үүсэх, шингэний дутагдалд орох эрсдэлтэй байдаг аж. Харин түлэгдэлтийн үед анхны тусламжийг зөв үзүүлснээр сорвигүй эдгэх боломжтой.
Энэ талаар түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч Б.Алтанцэцэг “Түлэгдсэн шархаа тэр чигээр нь эсвэл хувцсаа өмсчихсөн, эсвэл задгай явсаар байгаад ирэх тохиолдол зөндөө бий. Үүнээс болж тухайн шарханд халдвар орно. Хүйтэн усаар шавшиж, тамединаар цэвэрлээд боочход л анхан шатны тусламж шүү дээ. Манай тасгийн хувьд зуны улиралд тэр дундаа зургадугаар сараас ачаалал нэмэгддэг. Түлэнхийн нэг тасаг ажиллаж байгаа болохоор багтаамждаа тааруулаад ор багасчихсан. Тиймээс хэвтэн эмчлүүлэх боломж бололцоо муу байгаа учир эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхааралтай байгаарай” гэлээ.
Өнгөц түлэгдэлтэд жижиг хэмжээний цэврүүнүүд үүсдэг. Үүнийг хагалах шаардлагагүй зориулалтын тосон түрхлэг, тамедины уусмал түрхэж болдог байна. Харин том хэмжээний цэврүү үүссэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмч, эмнэлэгт хандах шаардлагатай. Дур мэдэн янз бүрийн арга хэрэглэх нь түлэгдэлтийг зөөлөн эд, мах руу түрж сорвижилт үүсэх гол шалтгаан болдог аж.