Манай энэ удаагийн “Тэр” нэвтрүүлгийн дугаарт залуу уран бүтээлч, реппер Бадралын Гантулга оролцлоо. Түүний уран бүтээлийн нэр нь СЕКСЦАГААНБОГД.
Монгол ахуй соёлыг агуулсан Сэгс Цагаан Богд найраглалтай дөхөм нэрээ ийн нэрлэсэн нь содон, хүмүүс цээжилхэд амархан.
Сексцагаанбогд нь Шинэ Монгол Технологийн коллежийн англи хэлний багш. Тэрээр философич, англи хэлний орчуулагч мэргэжилтэй.
Өөрийгөө гэр хорооллын хүүхэд хэмээн ярьж байсан түүний сонирхол нь дуулж бүжиглэхэд чиглэж байжээ. Хүүхэд байхдаа юу хийхээ мэддэггүй, урсгалаараа явдаг байсан талаар ярихдаа, “Миний хувьд аливаа зүйлийг нарийн төлөвлөөд байдаггүй. Одоо цагтаа л сайн байгаад байвал ирээдүйд ч гэсэн сайн байна шүү дээ. Үүнийг л биелүүлэхийг оролддог. Тэгэхгүй бол хүмүүс ирээдүйд л сайн болох гээд байдаг шүү дээ. Би ирээдүйд амжилт гаргана гээд л. Урдах ажлаа хийж чадахгүй бол ирээдүйд амжилт гаргана гэж мөрөөдөөд ч яах юм” гэв.
Мөн тэрээр,
Би 2015 оноос хип хопыг маш сайн судлаад, Америк репперүүдийг илүү сонирхож альбом их сонссон. Түүнээс үүдэн миний дотор хип хоп бүрэлдэж байсан юм шиг. Ер нь хөгжим бүрэлдэж байсан. Өнгөрсөн жилээс эхлээд анхны клипээ цацсан. Хүмүүс юу гэж бодох нь анх хамаа байгаагүй. Одоо ч хамаатай биш л дээ. Анхны “labish” гээд маш сайн дуу хийсэн. Маш сайн клип ч хийсэн. Түүн дээр өөртөө бүрэн итгэлтэй байсан л даа. Энэ дуу цацаад ямар ч л байсан хүмүүст хүрнэ гэж бодож байлаа. Анх надад дуу хөгжим хийх юу ч байгаагүй. Ажлаас өгсөн компьютер дээр хөгжим хийж эхэлсэн юм. Надад тухайн дуу 100 хувь гоё санагдаж л байвал хүмүүст гоё санагдана л гэж боддог.
Монголд хип хоп хөгжих суурь нь бүрдээгүй гэж харсан. Америкад яагаад хөгжсөн гэхээр, эргэн тойрныхон нь бүгд хар тамхи татдаг. Гэр бүлийнхэн нь, аав нь, ах нь буудуулаад үхчихсэн. Түүнийг ганг амьдрал гэнэ. Монголд бол ганг амьдрал байхгүй шүү дээ. Бид нар буруу андуурдаг. Гэр хороололд өссөнийгөө гангстер амьдрал гээд байдаг. Би гэр хороололд өссөн хүүхэд гангстер болж таараад байгаа. Үгүй шүү дээ. Яах вэ дээрэмдүүлж байсан. Хүнд зодуулж байсан. Тэр нь гангстер гэсэн үг биш.
“Play boy” залуучууд их байгаад байгаа. “Би чиний найз охиныг унадаг” гэх жишээний. Тийм байхыг хичээдэг биет үүсгээд байна шүү дээ. Гэхдээ бодитоор тэр хүн тийм биш. Би хүнд сургааль айлдах хэмжээний хүн биш л дээ. 26 настай залуухан хүн шүү дээ. Миний хувьд юниверсал байхыг хичээдэг. Хоёр, гурван жилийн дараа дууныхаа үгийг сонсоод , тэр үгнээсээ ичдэг биш. Миний дуунууд заавал утга илэрхийлнэ гэхээс илүү дүрслэл илэрхийлдэг.
Манай аавыг н.Бадрал, ээжийг н.Болормаа гэдэг. Аав ээж хоёрыг дүрслэхдээ, ээжийн хувьд илүү сэтгэл хөдлөл. Харин аавын хувьд илүү оюунлаг. Тэд айхтар үндсэрхэг биш. Энэ нь уламжлалын эсрэг гэсэн үг биш л дээ. Наадам, Цагаан сард аль алинд нь дуртай. Уламжлал гэдэг нь олон мянган жилийн турш хамгийн зөв гэсэн зүйлийг шингээгээд аваад үлдчихсэн зүйлийг л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа дагаж мөрдөхийг зорьдог. Би эмээ өвөөгийн хүүхэд. Аав ээж завгүй, эмээ өвөө дээрээ өссөн. Хамаатны ах дүүстэйгээ бөөндөө нэг дор байдаг байлаа. Тэр дундаас би хуваалцах, шударга байх ёстой юм байна, өгөөтэй аваатай байх ёстой юм байна гэдгийг сурсан даа.