Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр суулт зарлаад байсан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, Эрүүл мэндийн салбарын төсвийн тодотголын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс гаргахаар боллоо.
- PCR оношлуурт 125 тэрбум төгрөг
- Төгсөх дамжааны оюутан, сайн дурын ажилтны цалинд 3,7 тэрбум төгрөг
- Нэмэлтээр 2000 орыг дэлгэхээр 115 тэрбум төгрөг
Мөн барилга угсралт, өргөтгөл хийх, тандалт судалгааны ажилд нэмэлт санхүүжилтийг олгохоор боллоо.Төсвийн тодотголоор олгож буй эрүүл мэндийн салбар дахь 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг туйлын арвич хямгач, шаардлагатай гэсэн зүйлдээ зарцуулах нь чухал юм. Ирэх жил энэхүү мөнгөн дүнг төсөв "даахгүй" ч байж магадгүй.
Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ цалингаа нэмэх боломжтой болсон ч үүнийг бүрэн төгөлдөржүүлэхийг удирдлагуудад үүрэг болгож байна.
Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгана шүү. Цар тахлын энэ амаргүй үед улс төрийн асуудал байвал Ерөнхий сайдтай л ярь. Арай ядан ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарыг зохион байгуулалттайгаар талцуулж болохгүй. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашид энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг зарлахаас өөр аргагүйд хүрнэ шүү. Хуулийн байгууллагад шилжүүлнэ. Цар тахалтай тэмцэх ажлыг цалгардуулах үйл ажиллагааг тангараг өргөсөн улс төрч хийх ёсгүй. Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерийн мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, ард юу болж байгааг мэдэж байгаа.
Эрүүл мэндийн сайд асан хүмүүст хандан хэлэхэд, улстөржсөн үйлдлээ таслан зогсоохыг эелдгээр сануулж байна. Цаашид үргэлжлүүлбэл ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлэх болно. Надад хуулиар олгогдсон эрх мэдэл бий. Ард иргэдээ хамгаалахын төлөө ингэхээс өөр арга байхгүй. Бид эх орон, ард иргэдийнхээ өмнө тангараг өргөсөн хүмүүс.
Эдийн засгийн хувьд 15,7 хувиар өссөн. Өнгөрсөн оны 5-р сараас 59 хувиар нэмэгдсэн сайн мэдээтэй байна. Бид эдийн засаг, эрүүл мэндийн салбараа аль алийг нь давхар авч явах шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын нөр их хөдөлмөрийг үйл ажиллагаагаа эхлүүлсэн хувийн хэвшлийнхэн хүндэтгэх ёстой. Халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж болохгүй.Цаашид цар тахал хэрхэн яаж үргэлжлэхийг бид төдийгүй дэлхий дахин ч мэдэхгүй, таамаглаж чадахгүй байна. Харин үүд бидний тэсвэр тэвчээр хэрэгтэй байна. Үүнд бид хэн нэгнийг буруутгаад хэрэггүй. Учир нь дэлхий дахинд мөн л ижил дүр зурагтай байна. Ийм л хүнд үеийг даван туулах хүн төрөлхтний нэг хэсэг болсон.Цар тахал манай эрүүл мэндийн салбарыг дутагдалтай талыг ил болголоо. Цаашид шинэчлэх шаардлагатай байгаа техник, технологи, арга зүй байна. ДЭМБ-ын зүгээс халдвар хамгааллын дэглэмээ барихыг зөвлөж байгаа ч манайд хөл хорио тавигдахаар хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Хамтын хариуцлага нэмье. Таны болон хайртай хүмүүсийг тань эрсдэлд оруулна шүү гэдгийг цаг тутамд анхаарч, хариуцлагатай байж дасан зохицох хэрэгтэй байна.Унаж туйлдсан ч ажиллаж, ард иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсож буй эмнэлгийн байгууллагын нийт ажилтанд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна. Иргэд, ААН-үүд эмч, эмнэлгийн байгууллагын хөдөлмөрийг хүндэтгэж, хариуцлагатай байхыг хүсэж байна" гэлээ.