Манай энэ удаагийн “Тэр” нэвтрүүлгийн наадмын дугаарт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин, сумын алдарт уяач Ганболдын Бямбадорж оролцлоо.
Долоон наснаасаа эхлэн хурдны морь унасан тэрбээр, дассан болоод ч тэр үү хөдөө амьдрах л сайхан хэмээн өгүүлсэн юм. Монголын амар амгаланг уламжлалт ахуйгаар дамжуулан хөдөөгийн тал хээрээр эдэлж буй Г.Бямбадорж нь өсвөр наснаасаа эхлэн мал дээр гарчээ.
Тэрбээр, "Хөдөөний залуучуудын сонирхлыг татаж байгаа, амдралын гол утга учир нь морь уях юм шүү дээ. Бидний морин уралдаан үгүй бол хүүхдүүд мориноосоо хөндийрнө. Монгол ахуй, уламжлал, нүүдлийн хэв шинж алдагдана. Би зургаан насны морь уяж, дөрвөн улирлын алинд ч уралдуулдаг.
Морь уяна гэдэг биднээс их хүч хөдөлмөр шаарддаг ажил. Бидний аавын үед хөдөө адуун дээрээ малаа маллаад, эдэлгээгээ хийгээд адуунаасаа бариад уралддаг байсан бол одоо бол тийм биш.
Маш их хүч хөдөлмөр хөрөнгө санхүү гарна. Жилийн дөрвөн улирал эдэлгээ хийнэ. Өвөл хавар зунжингаа тэжээн тэтгэнэ. Мөн наадамд уралдсан морины хүүхэд цалинтай болсон. Түүнчлэн наадмын татвар хураамж хүүхдийн даатгалаас эхлээд маш их зардал гарна. Тэгээд энэ зардал ихтэй үед наадам маань хоригдсоноор бидэнд хүнд тусч байна. Сүүлийн үед энэ өвчнөөс болоод өнгөрсөн зундаа ганц уралдлаа.
Миний хувьд сумын наадамдаа тогтмол ордог. Анх 2007 онд 15 настайдаа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын наадамд саарал даагаа аман хүзүүдүүлж байлаа. Түүнээс хойш айраг тасраагүй.
Манай аав аймгийн алдарт уяач н.Ганболд гэж хүн байдаг. Би өөрөө сумын алдарт уяач хүн. Уяач бид түрүүлж орж ирж байгаа морьдыг хараад өөрийн эрхгүй огшиж, хоолой зангирдаг. Зөвхөн уяач гэлтгүй Монгол хүн бүр ингэж догдолдог биз.
Манай сум нэлээн алдартай, сумынхаа хэмжээнд 108 лицензтэй гэж яригддаг. Манай сумын хэмжээнд уул уурхай их бий, баян нутаг. Жонш нүүрснээс эхлээд. Тэд нар нь бид нарын амьдралд сөргөөр нөлөөлнө. Уул уурхай маш их байна. Нөхөн сэргээлт хийж байгаа юм байхгүй. Ядаж нүүрс тээвэрлэлт зам дагуух тоос шорооноос эхлээд их хэцүү. Мал ургамал их хуурайшилттай. Тоос шороо малын ноос ноолууранд шигдээд наалдаад эхэлж байгаа. Тоостой ноос ноолуур гологдоод эхэлнэ шүү дээ.
–Цаг агаар Уул уурхайтай холбоотой байдаг юм уу? Газрын хуурайшилттай холбоотой байдаг юм уу?
Цаг уур эргээд байна. Урьдынх шиг сайхан байхаа болиод хур бороо багасаж байна. Гарц ургамал бэлчээрийн даац муудаад байгаа. Урд нь бол бид суурин байдаг байсан өвөлжөө хаваржаа гээд зусландаа гарч буугаад л. Одоо бол тийм биш байнгын отор нүүдэлтэй, залгаа сум гэж нүүдэг байсан бол аймаг дамжиж нүүж байна.
Нийт Монголынхоо ард түмэнд түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Тусгаар тогтнол гэдэг ямар ч улс орны хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл байдаг. Миний бодлоор тусгаар тогтнолын гол үндсэн суурь нь бидний өв уламжлал, соёл. Соёл соёлдоо морин уралдаан онцгой ач холбогдолтой гэж бодож байна” хэмээн ярилаа.