Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулж байжээ. Үүнд, ус хангамж, ариутгах татуургын 856,5 км шугам сүлжээ багтдаг. Эдгээр шугам сүлжээний ихэнх нь 60 гаруй жил болсны улмаас элэгдэлд орж, хуучирч муудан гэмтэл саатал ихээр гарч сэргээн жил бүр л засварладаг.
Ингэхдээ шугам сүлжээний ажил хийх бүрд замыг дахин засах шаардлага үүсдэг. Энэ удаад Нийслэлийн засаг даргын тамгын газрын захиалгаар тавдугаар сарын 5-аас эхлэн 3, 4 хорооллын усан сангаас Хасбаатарын гудамж хүртэл цэвэр усны нөөцийн шугам хоолой тавьж байгаа юм. Энэ талаар “NAB” группын талбайн инженер Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Нийт 3064 метр усны хоолой тавихаас 2100 гаруй метр суурилуулсан. Хоолой тавихад ус тасалдах зэрэг айл өрхөд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр хийж байгаа. Зам хаах л асуудал болоод байна. Хуучин тавьсан ган хоолой муудаж цоорсон. Тиймээс 100 жилийн настай шинэ хуванцар хоолойг суурилуулахаар ажиллаж байна” гэв.
Өдөрт дунджаар 12-50 метр хоолойг шинээр тавьж байгаа аж. Автозамын нөхөн сэргээлтийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл өгснөөр угсралтын ажлыг хийж байгаа. Уг ажил дууссаны дараа гүйцэтгэгч компани гурав хоногийн дотор сэргээн засварлана. Зам хааснаас шалтгаалж 3, 4 хорооллын орчимд түгжрэл нэмэглэж буйтай холбоотойгоор иргэд “Цаашид шугам хоолой солихын тулд зам ухаж, газар шорооны ажлын нөхөн сэргээлтэд өндөр зардал гаргахгүйгээр газар доогуур хонгил байгуулах зэргээр ухаалгаар шийддэг болгомоор байна” хэмээж байлаа.