УИХ-ын хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрээр “Монгол Улсын Их Хурал хаврын чуулганы хугацаанд цахимаар хуралдаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн. Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороо 13 удаа буюу нийт 127 удаа бид хуралдаж, 247 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан, чуулган яг цагтаа эхэлж, өнгөрсөн парламентын түүхэд байгаагүй үзүүлэлт байв.
Хэдийгээр хуралдааны танхимдаа чуулах боломжгүй байгаа ч цахим хуралдаанд өндөр ирцтэй оролцсон УИХ-ын эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Энэ удаагийн чуулган хүний эрх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн чуулган боллоо” хэмээлээ.
Өнөөдрийн хуралдаанаар Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга зэрэг таван асуудал хэлэлцэж, чуулганыг хаав.