Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Happy Apartment” хотхоны дэргэд баригдаж буй барилгын ажлаас болж 12 давхар орон сууцны иргэдэд чичиргээ мэдрэгдэж, явган хүний зам хааж хашаа барьснаас болж хоёр машин зөрөхдөө заавал нэгнийгээ хүлээж байж гардаг, дуу чимээ ихтэй гэх гомдлоор манай редакцад хандсан юм.
Иргэдийн зүгээс орон сууцны хажуу талд нэг метр хүрэхгүй зайд газар ухаж буйд бухимджээ. Энэ талаар тус орон сууцны СӨХ дарга М.Анхбаяр “Сарын өмнө спорт заал барина гээд байрны хажуу талд нүх ухаж эхэлсэн. Тэр үед ийм ойрхон барилга бариулмааргүй байна гэж хэлээд л орхисон. Харин 28 хоногийн дараа буюу гурав хоногийн өмнөөс дахин ухаад эхэллээ. Ингэж ухахад иргэдэд газар хөдөлж байгаа юм шиг чичиргээ мэдрэгдэн чанга чимээ сонсогддог болсон. Ухаж цоолоод өрөмдөөд байгаа талаар асуухад нурангаас хамгаалж хананы бэхэлгээ хийж байна гэсэн. Хүмүүс хаана юу ч барьж болно. Хамгийн гол нь байр хоорондын стандарт, энэ олон хүний худалдаад авсан өмч нэг өдөр нураад хананд нь ан цав үүсвэл яах уу? Тийм болохоор л битгий ойрхон ухаач ээ ядаж барилгынхаа стандартын дагуу 10-15 метрийн зайд сууриа ух гэдэг шаардлагыг л тавиад байгаа. Энэхүү барилга нь Байгаль орчны яамны ажилчдын байр гэж сонссон. Үнэн худлыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан хараа хяналт, стандарт байхгүй, нэгийг барихын тулд нөгөөг нь сүйтгэх шаардлагагүй” гэж хэллээ.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Global Bridge” гэх компани ажиллаж байгаа. Тухайн барилгын ажил явагдаж буй газарт очиход гүйцэтгэгч компанийн төлөөлөн тодруулга өгөх хүн байхгүй байлаа. Тухайн газар ажиллаж байсан суурь ухаж буй ажилчдаас тодруулахад “Бид нар сарын өмнө гэрээ хийгээд 10 хоногийн дотор суурь ухах ёстой байсан ч оршин суугчдын гомдлоос болоод ажил хойшилчхоод байна. Бид нарт гүйцэтгэгч компанийн зурсан цагаан зураасны дагуу л ухсан. Хажуугийн орон сууцны суурийг гэмтээхгүйн тулд эргийн хамгаалалт хийж ажиллах зайгаа гаргасан. Дараа нь суурь бэлэн болоход ажилласан зайны нэг метрийг буцаад нөхөн сэргээнэ. Өглөө 09.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Экскаватор том машин учраас чимээ ихтэй гэхдээ чичиргээ мэдэгдэхгүй. Оршин суугчид цонхоороо бид нар луу архины шил янз бүрийн юм шидсэн гэмтвэл хэн хариуцлага хүлээх вэ” гэв.
Барилгын норм дүрмийн 2.11-т орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг дөрвөөс дээш давхар бол 20 метрээс багагүй байна гэж заасан байдаг.