Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилготойгоор ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулж байна.
Тэдний соёлын биет бус өв наадмыг ёсчилсон байдлаар зохион байгуулах ёстой гэсэн шаардлага хүргүүлжээ.
Монголын Морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Б.Нямжав "ҮАБЗ-ийн яаралтай хуралдуулж, 7-р сарын 8-ны өдрийн 15:00 цагаас өмнө хариу өгөх ёстой. Хэрэв хүлээн авахгүй, татгалзсан хариу өгвөл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Бидэнтэй хамт Нэхүүл хөдөлгөөн, Босоо хөх Монгол бүлгэм нэгдсэн. Наадмыг заавал 7-р сарын 11-нд хий гээгүй. Бөх, сур, морин уралдааны хугацааг өөрчлөөд хийх боломжтой" гэсэн юм.
Дундговь аймгаас ирсэн уяач “Наадамд оролцохоор хүний өөрийн нийлсэн 50-60-аад морьтой ирсэн. Бид Монгол наадам, морин уралдаан болдгоороо болно гэж хүлээж байгаа. Үүнд итгэлтэй байгаа. Хэрвээ наадам цуцлах шийдвэр гаргах байсан бол бодит нөхцөл байдлын судалгааг хийгээд зургаадугаар эхээр морины уяа сойлго эхлэхээс өмнө тавдугаар сарын сүүлээр энэ тухайгаа мэдэгдсэн бол бид энд ирэхгүй байсан. Энэ их хөрөнгө хүч, цаг зав, хүмүүсийн сэтгэлийг үүнд зориулахгүй байсан. Цаг тулж, уяачдын оюун санаа, бие сэтгэлээ зориулан цаг заваа гаргаж, морины уяа, сойлго сайхан жигдэрсний хойно энэ шийдвэр гарсныг бид эсэргүүцэж байгаа.
Бидний булчинд тариад байгаа ковидийн вакцин бол биеийн дархлаа, монголын үндэсний их наадам бол бидний оюун санааны дархлаа. Биеийн хүчээр нэгийг, оюуны хүчээр мянгыг дийлдэг. Хэрвээ оюуны дархлаагаа бид гээчихвэл үндэстэн гэж оршин тогтнох юм уу, үгүй юу. Мөн наадмыг зохион байгуулахдаа дандаа яагаад ийм өндөр төсөв баталж, тэр нь уяачид наадамчдад ирдэггүй юм бэ. Заавал тэр өндөр төсвийг зарлаж, ард түмнийг талцуулах шаардлага байгаа юм уу. Мөн монголын үндэсний морин уралдаан, бөхийн барилдааныг яагаад халдвар хамгааллын өндөр дэглэм дор их төсөв гаргахгүйгээр хийж болохгүй байгаа юм бэ. Монголын төрт ёсны их баяр наадам яагаад 100 жил тасраагүй яагаад том ой дэрээ тасалдах болов. Үүний цаана монголын өв соёлыг гээх гэсэн том бодлого яваад байгаа юм биш үү” гэлээ.