Иргэн Б.Эрдэнэчимэг хүн амины хэрэгт гүтгэгдсэн хүүгийнхээ хэргийг дахин шалгуулахаар зургаан жилийн турш тэмцжээ. Энэ оны гуравдугаар сарын 15-нд тэрбээр Сүхбаатарын талбайд хөл нүцгэн явж төр засагтаа хандаж эхэлсэн юм. Гэвч өнөөг хүртэл энэхүү хэргийн асуудлыг шийдэж өгөөгүйн улмаас талбай дээр суулт хийж буй юм.
Иргэн Б.Эрдэнэчимэг,
“Энэ хэрэг нь 2015 оны хоёр дугаар сард болсон хэрэг. Хэргийн хойноос олон баримтыг тодруулах, зөрүүтэй зүйлийг шалгуулах талаар бүтэн зургаан жилийн турш доороос нь дээш шат дараалалтай явсан ч үр дүнд хүрээгүй. Эхний ээлжийн гол шалгуулах ёстой зүйл бол хавтаст хэргийн 46 баримт алга болчихсон юм.
Баримтуудыг хэн устгасан, яагаад устгасан, яагаад шүүхийн шийдвэрт ороогүй болох, үүнийг шүүх харахгүй байх ямар шалтгаан байсан юм. Мөн таван цагийн үзлэгт оролцсон бүрэлдэхүүнийг шалгаад өгөөч ээ л гэж хүссэн байгаа.
2015 оны 2 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө БЗД 14 дугаар хороо 18 дугаар байранд А.Эрдэмномын амь нас хохирсон. Хүний амь нас хохирсон нь үнэн. Хэн энэ хүний амь насыг хохироов гэдгийг Цагдаагийн байгууллага тогтоож чадаагүй.
Нас барсан цаг нь хүүгийн маань байсан газартай зөрж байгаа. Талийгаачийг хөнөөсөн хутгыг хурааж авсан цаг нь мөн зөрөөд байгаа юм. Миний хүү тодорхой хугацаанд тухайн айлд байсан юм байна. 3 цаг 50 минутаас хойш эргэж тэр айлд очоогүй. Талийгаач 5 цаг 15 минутад нас барсан шүү дээ. Эдгээр зөрүүтэй зүйлсийг нотлох бүх баримт надад байна” гэв.