EURO 2020-ийн шөвгийн дөрвийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө Англи – Данийн хооронд болж ялагч нэмэлт цагт тодорлоо.
Олон талт тоглолт, эрч хүчтэй шинэлэг бүрэлдэхүүнтэй хоёр баг тоглолтын эхнээс харилцан довтолж байсны дүнд эхний гоолыг Даничууд оруулав. Тоглолтын 30 дахь минутад Данийн Миккел Дамсгаар чөлөөт цохилтоос гоолдож Английг хүндхэн байдалд оруулсан.
Тэмцээн эхэлснээс хойш хаалгандаа анх удаа гоол алдсан Англичууд есхөн минутын дараа тэнцээний эхний гоолыг оруулсан юм.
Тоглолтын үндсэн цаг ийнхүү 1-1 харьцаагаар өндөрлөсөн ч нэмэлт 30 минут сунгагдан 104 дэх минутад Рахим Стерлинг багтаа торгуулийн цохилт авчрав. Торгуулийн цохилтыг Английн довтлогч Харри Кейн алдсан ч Каспер Шмайхелын гарт ойсон бөмбөгийг хаалганд оруулж багтаа хожил авчирлаа.
Тоглолт 2-1 харьцаагаар дуусаж Англи финалд Италийн шигшээ багтай тоглохоор болов. Финалын тоглолт долоодугаар сарын 12-ны 03:00 цагаас эхэлнэ.