Улсын дээд шүүхээс ирүүлсэн ирэх оны төсвийн төсөл шүүмжлэл дагууллаа. Учир нь 2021 онд Улсын дээд шүүхийн төсвийг 5.2 тэрбум төгрөгөөр баталж байсан нь 2022 оны төсвийг 10.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 16 тэрбум төгрөг болгож төсөвлөжээ. Үүнээс цалин, нэмэгдэл урамшуулалд 8.4 тэрбум төгрөг зарцуулахаар уг төсөлд тусгасан байна.
УДШ-ийн 2022 оны төсөв нэмэгдсэн гол шалтгааныг шүүхийн судалгаа, сургалт, мэдээллийн хүрээлэнг Дээд шүүхийн дэргэд байгуулахтай холбоотой гэж тайлбарласан. Мөн Дээд шүүхийн орон тоог нэмэгдүүлэх болжээ. 25 шүүгчийг оролцуулаад өнөөдрийн байдлаар Дээд шүүхийн орон тоо 135 байгаа. Харин Дээд шүүхийн шүүгчийн гурав хүртэлх туслах, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд ажиллах 61 хүнийг нэмэх юм бол орон тоо нь 245 болохоор байгааг Дээд шүүхээс мэдээллээ.
УИХ-ын гишүүн Д.Алтанхуяг “Тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар юу хийх, цогцолбор барих нь Дээд шүүхийн төсөв дээр биш дараа нь шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв дээр орж ирэх байх, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт ярьж байгаагаа хэлмээр байна” гэсэн түүний асуултад Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр “Гол эдийн засгийн зардал, ангилал дэр цалин урамшуулалтай холбоотой тодорхой нэмэгдэл гарсан. Энэ нь Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд байгуулан ажиллуулна гэсэн хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой. Улсын дээд шүүхийн шүүгч гурав хүртэлх судалгааны туслахтай байна гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэл болгож төсвийн төсөөллийг бичсэн. Хөрөнгө оруулалттай холбоотой хэсэг дээр ажилчдын тоо нэмэгдэж байгаа учраас тавилга, тоног төхөөрөмжийн тоо нэмэгдэж байгаа. Тэр бол хөрөнгө оруулалт дээр нэг тэрбум гаруй төгрөгийн зардал тавигдсан байгаа” гэлээ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор бүх салбарын төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжсэн. Эдийн засаг хүнд байхад цалин, урамшуулал, хөрөнгө оруулалт, үйлчилгээний төсвөө нэмэгдүүлж хэлэлцүүлж байгаад Байнгын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.
Учир нь тэвчиж болох зардлууд ч үүнд багтжээ. Жишээлбэл, УДШ 415 сая төгрөгөөр хоёр ширхэг жийп автомашин худалдаж авна гэж төсвийн төсөлдөө тусгажээ.