Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан тооцоогоор долдугаар сарын 17-н гэхэд орон нутагт бүртгэгдэх халдварын тоо өдөртөө 1300-д хүрч, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэнэ гэжээ.
Тиймээс Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдийг хот орчмын амралтын газруудад үйлчлүүлэхийг Улсын онцгой комиссоос зөвлөж байна.
Өнөөдрөөс эхлэн НЗДТГ-аас нийслэл орчмын амралт, жуулчны газруудтай хариуцлагын гэрээ байгуулан нээж эхэлсэн тул иргэдийг орон нутаг уруу зорчихоос урьтаж, нийслэл орчмоор амрахыг зөвлөж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 0-18 насны 27480 хүүхэд өвчлөөд байгаа ба нийт тохиолдлын тоо 27 хувийг эзэлж байна. Тиймээс аялаж байгаа гэр бүлээс түүврийн аргаар 5-аас дээш насны хүүхдүүдээс шинжилгээ авах юм байна. Аяллаар явж байгаа гэр бүлээс авах шинжилгээ сайн дурын үндсэн дээр хэмээн тооцож төлбөртэй байх аж.
Мөн гэр бүлээрээ болон найз нөхдийн хүрээнд буюу аяллын багийн гишүүдийн тоог таваас хэтрүүлэхгүй байхыг УОК-оос зөвлөж байна.