Дуучин Д.Уламбаяр буюу Ука баяр наадмын нээлтийн тоглолтын бэлтгэлд оролцож байхдаа наадмыг дэмжин уран бүтээлээ хийж байгаа талаараа өгсөн яриа нь олны дургүйцлийг хүргэн цахим сүлжээнд олон мянган дагагч нь түүнээс нүүр буруулсан. Тэрээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа лайв хийж, зүй бус цахим дарамтыг өөхшүүлэхгүй байхыг уриаллаа.
Тэрээр "Энэ хэцүү цаг үед хүмүүс цахим дарамт хийж бухимдлаа буруугаар илэрхийлж, ямар нэгэн гаргалгагүйгээр, бусдыг доромжилж бичиж байна. Хийсэн бүтээсэн, бүтээгээгүй, зовсон шаналсан хэн ч энд хэн нэгнийг гутаан доромжилж, хэн нэгийг буруу зүйл хийх үйлдлийг хийхгүй байхыг бодох хэрэгтэй юм шиг санагдлаа. Учир нь өөр дээрээ олон доромжлол сонссон. Үүнээс би хэрхэн өөрийгөө авч гарч чадах уу гэдэг сэтгэлийн тэнхээтэй болсон. Хамгийн гол нь надаас өөр хэн нэгэн, жаахан хүүхэд, настай хүмүүс байвал үүгээр ямар аймаар хэцүү дарамтад орох бол оо. Танай хүүхэд ээж, аав, гэр бүлийн тань хэн нэгэн сошиалд олон зүйл хийж бүтээснийхээ төлөө бусдаас доромжлол хүлээхээс сэрэмжилж үүнийгээ зөвөөр илэрхийлээсэй гэж та нарыг уриалж байна.
Би урлагийн салбарын хүн. Би соёл урлагийг сонсож, үзэж, хэцүү цагт гоё сайхан дуу хөгжим, кино, ном уншиж өсөж хүмүүжсэн. Их ажилласны дараа алжаал тайлдаг зүйл бол соёл урлаг, байгаль, дуу хөгжмөөр стрессээ тайлдаг. Тэндээс олон зүйлийг суралцдаг. Миний хувьд би ажлаа л хийх ёстой гэж боддог. Одоо дэлхий даяараа хүн бүр өөрийнхөө хийж чадах зүйлээ хэн нэгэнд гомдлохгүйгээр, хэн нэгнээс буруу хайхгүйгээр, бие биенээ хүндэтгэж, хайрлаж эерэгээр энэ хэцүү цаг үеийг туулах хэрэгтэй гэж та нарыгаа уриалмаар байна. Хүн буруу гишгэх юм бол хэн ч гишгэнэ. Хэн ч буруу үг хэлж болно. Гэхдээ түүнд өөрт нь зөв гаргалгаа болгож хэлээсэй гэж би та нараасаа уриалж байна. Надтай хамт байж сэтгэл санаагаар дэмжиж байсан үнэнч үзэгч, сонсогч нартай баярлалаа. Бусдад буруу талаасаа харагдах үед үнэнчээр надтай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Уурлаж байгаа ч намайг ойлгож байгаа та нартаа баярлалаа. Бүгдээрээ цахимаар зорилгогүйгээр хэн нэгийг дарамталж буйг өөхшүүлэхгүй байя" гэв.