Монгол улсын Консерватори буюу бидний хэлж заншсанаар Хөгжим, бүжгийн коллежийн хашаанд Боловсролын үнэлгээний төв барилга барихаар зэхэж байна. Үүнийг сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцэж байгаа юм.
Учир нь улсдаа цорын ганц гэгдэх Консерваторийн арын талбайд сургуулийн хотхон барихаар олон жилийн өмнөөс төлөвлөж байсан. Гэтэл гэнэт яамны шийдвэр гарч, Боловсролын үнэлгээний төвийн хоёр блок барилга барихаар төсөл батлагдсан байна.
Монгол улсын Консерваторийн багш, ажилтнууд эсэргүүцлээ илэрхийлж, сургуулийн захиргаандаа шаардлага хүргүүлээд байгаа юм. Гэвч сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү, Боловсролын үнэлгээний төвийн барилгыг барьсан тохиолдолд сургуулийн хотхон барих төсөв батлагдана гэх хариу өгчээ.
Монгол улсын Консерваторийн хийл хөгжмийн багш Д.Галбадрах:
Хуучирсан барилгадаа засвар хийж, шинэ дотуур байр бариулах гэж олон жил хөөцөлдсөн ч чадаагүй. Гэтэл хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөж, тоглодог талбайд өөр байгууллагын барилга барихаар болсон байна. Манай багш ажилчид үүнийг эсэргүүцэж байгаа. Тиймээс барилга барихыг эсэргүүцсэн бичгийг боловсролын сайдад хүргүүлэх гэж байна.
Монгол улсын Консерваторийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү
Сургуулийн хотхон баригдах нь хэвээрээ. Боловсролын яамтай хамтарсан төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд Боловсролын үнэлгээний төвийн барилга барих гэж байна. Энэ барилгын тодорхой хэсгийг манай сургууль эзэмшинэ. Манай сургуулийн дотуур байр 10 жил болж, хуучирч муудсан. Тиймээс барилгыг нурааж, шинэ барилга барих гэж байна.
Одоогоос гурван сар орчмын өмнө ашиглалтын шаардлага хангахгүй гэх шалтгаанаар ШУТИС-ийн үйлдвэрлэл технологийн дээд сургуулийн барилгыг нурааж, Боловсролын үнэлгээний төвийн барилга барих гэж байсан. Тухайн үед тус сургуулийн багш, ажилчид эсэргүүцэж, тэмцсээр сургуулийн барилгаа, хашаагаа хэвээр нь үлдээсэн.
Тэгвэл энэ удаад консерваторийн багш, ажилчид ч ширүүхэн тэмцэхээр шийдсэн байна.
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 42.5 дугаар зүйлд Боловсрол сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана хэмээн заасан байдаг. Тиймээс хуулийн дагуу консерваторийн байр барихыг шаардаж байгаа юм.